АВАРГЫГ “ДАЙРААД” АЛДАРШИВ

2015 оны 08 сарын 31

Амьд домог болсон дэлхийн хамгийн хурдан хүн, Олимпийн зургаан удаагийн аварга Ямайка улсын иргэн Усейн Болтыг аль болох ойроос харчихсан гэж хичээдэг хүн олон.

Хятадын телевизийн зураглаач Тао Сун чухам энэ “захиалгыг” биелүүлэх гэж хичээж яваад Болтыг хөнгөн атлетикийн ДАШТ-ий 200 метрийн зайд түрүүлчихээд байхад нь дайрч “хэрэг тарьсан” төдийгүй жирийн ажилтан тэрбээр дэлхий дахинд алдаршив.

Усейн Болт Бээжин хотноо болж буй энэ тэмцээнд өөрийн гол өрсөлдөгч, АНУ-ын Жастин Гэтлинийг өмнөө гишгүүлсэнгүй. Тэр ч бүү хэл ямайк эр 100 метрийн зайг 9.79 секундэд туулж өөрийн дээд амжилтыг тогтоолоо. 200 метр зайд гүйж ирчихээд Болт гүйлтийн замаар хойш урагш холхин сэтгүүлчид болон бусад хүмүүстэй үг сольж явав.

Хоёр дугуйтай өөрөө явагч тэргэнцэр хөлөглөн түүнийг алдалгүй дагаж явсан хятад зураглаач маань нэгхэн агшинд жолоодлогоо алдсанаас “унаа” нь замын хашлага руу хадуурсанаа огцом эргэж санаандгүй явсан дэлхийн аваргыг дайрч орхих нь тэр.

Үүнээс хойш хэдхэн секунд өнгөрөхөд хэн ч үл мэдэх даруухан зураглаач тэр дороо бүхний танил болж орхив. Зурагтай мэдээлэл манай гаригаар нэг цацагдлаа. Олимп, дэлхийн аварга Болт “хятад зураглаач намайг алахыг оролдлоо” хэмээн наргиан болгов.

Түүний оронд өөр зарим нэг “од” байсан бол хөөрхий зураглаачийг “сүйд хийчих” байсан ч байж мэдэх. Болт харин ер ажирсангүй, гэмтэж бэртээ ч үгүй гэнэ. Шагналаа гардсаны нь дараа Сун улаан өнгийн бугуйвчаа тайлан Болтын гарт хийж өгөөд гар барилцсан байна.

Сунийг энэ “хэргийнх нь” төлөө ажлаас нь халахгүйгээ теле компанийн төлөөлөгч албан ёсоор амлажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.177.97.28 berteesen bol balarhgui yu