Н.САНЧИР: ААВЫНХАА БИЧСЭНИЙГ УНШИЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ЭМГЭНЭЛ БАЙТУГАЙ ГАШУУДАЛ, СҮЙРЭЛ

2015 оны 08 сарын 24

Монгол Улсын Төрийн шагналт, ардын зураач Л.Намхайцэрэнгийн хүү, Европын Урлагийн холбооны шагналт зураач Санчиртай ярилцлаа.

-Бид анкетийн гарал угсаа гэсэн хэсэгт малчин, сэхээтэн, ажилчин, тайж гээд л бөглөдөг. Дээд боловсрол эзэмшсэн хүнийг сэхээтэн гэж хүмүүс ойлгодог. Нийгэмдээ тодорхой үүрэг гүйцэтгэсэн, аливаа зүйлийн үнэн мөнийг ухаарсан, шударга хүмүүсийг хэлдэг гэж би боддог юм. Таныхаар сэхээтэн гэж хэн бэ?

-Манай малчид сэхээтэн байсан юм. “Бодь мөрийн зэрэг” уншсан, орой бүр ном шагайдаг, аливааг үнэлж чаддаг, болж буй үйл явдлыг ухаарч ойлгодог, даган баясдаггүй хүнийг сэхээтэн гэдэг.

Хэдийгээр усанд ордоггүй, гадаа бие засдаг, харанхуй бүдүүлэг гэгддэг ч манай өвгөд сүм хийдэд шавилан ном үзсэн, хэд хэдэн хэлтэй сэхээтнүүд байсан юм. Тэдний торгонд ороож хоймортоо залсан нь хүртэл дэлхийн шилдэг номнууд.

МАХН улсын түүхээр тоглочихсон. Ард түмэн ажил, амьдралтай болох гэж гарал угсаагаа нууж, ядуу, харц гэж худлаа ярьж сурсан. Нацагдорж, Наваан-Юндэн тэргүүтэй Германд суралцахаар явсан 30 гаруй хүүхдийн хэн нь ч ядуу, харц гаралтай байгаагүй.

Нарийн яривал ар гэрээс нь дэмжих бололцоотой хүүхдүүдийг сонгож явуулсан. Миний өвөг дээдэс VI Богдыг дагасан улс юм билээ. Өндөр гэгээний үеэс эхлэн алтан ургийнхан шашны тэргүүдэд алба хаших үүрэгтэй байж.

Аав зургаан настайдаа өнчирч хоцорсон тул өвөг дээдсээ мэддэг, эсэх нь эргэлзээтэй, нам засгаас болж сонирхдог ч үгүй байсан юм. Хожим нэг хүн надад “Танайх Шигдэй гэх овгийнх. Өвөөг тань Лувсаншарав биш, Лувсан бэйс гэдэг.

Эмээ Дашдулам тань Дондогдулам хатны ойрын хүн байсан. Музейд байдаг, Дондогдулам хатны эдэлж хэрэглэж байсан сувдан тоорцгийг танай эмээ хатгасан, өөр урласан зүйл олон байдаг” гэж хэлж байсан.

Халх голын 75 жилийн ойг тэмдэглээд байна. Аав Хэрлэнгийн хоёр гүүрийг бариагүй бол Оросын танк, цэрэгДорнодын чиглэлд явж чадах байсан уу, үгүй юү гэдэг хүртэл эргэлзээтэй.

-Герман руу явсан хүүхдүүдийн ар гэр нь боломжийн байсан гэлээ. Таны аав багадаа хоёр ахын хамт эцэг эхээсээ өнчирсөн хэрнээ хэрхэн Герман явсан юм бэ?

-Эмээгийн дотны найз Нацаг гэх авгай аавыг бага ах Гаваатай нь үрчлэн авсан юм билээ. Театрын музейнхэн энэ эмэгтэйн талаар цухас дурддаг. Их баян, үр хүүхэдгүй, хятад нөхөртэй хүн байсан. Аавыг сайн боловсрол эзэмшихэд энэ хүн их нөлөөлсөн.

Миний ойлгосноор алтан ургийнхныг заавал Бээжинд, Манжийн хааны дэргэд боловсрол эзэмшүүлж, хүмүүжүүлдэг байсан юм билээ. Тэрбээр Бээжинд суралцаад 1916 онд Монголд ирсэн юм уу даа. Одоогийн С1 телевизийн буурин дээр Ший жүжгийн газар байхад шийнд хааяа дуулдаг байсан.

Тэгэхэд урлаг мэддэг хятадууд үзэх гэж бөөн юм болж, хэд хоногийн өмнөөс тасалбар авдаг байсан гэдэг. Монголын анхны хөгжмийн чуулга байгуулсан хүн юм билээ.


-Хөгжмийн чуулга гэснээс Намхайцэрэн гуай Германд хийл заалгаж, Цирк байгуулагдахад хөгжимчнөөр ажиллаж байсан гэдэг. Тухайн үед хийл Монголд шинэ юм байсан нь ойлгомжтой. Шавьтай байсан уу?

-Аав хийл сурсан анхны монгол хүн. Даанч 16 настай нутагтаа ирэхэд нь “Монгол транс”-ын Зам барилгын хэлтэст оруулж, таван жил гүүр бариулсан. Үүний сүүлийн хоёр жилд нь Яармагийн болон Хэрлэнгийн хоёр том гүүрийг бие даан барьсан.

Дараа нь цирк үүсэхэд хөгжмийнх нь оркестрт тоглосон. Хийл заах ямар ч боломж тохиогоогүй. Заая гэсэн ч тийм хөгжимтэй өөр хүн байхгүй болохоор хэнд юугаа ч сургах билээ. Би аавыгаа өнгөрсөн зууны Монголын асар том хүн гэж боддог, бардам хэлнэ. Нэг жишээ дурдъя.

Дэлхийд онцгойд тооцогддог хийл бүтээдэг гурван их мастер Италид XVII зуунд байсан юм. Тэдний хөгжмүүд сая, сая долларын үнэтэй. Тэдний нэг Аматигийн хийсэн хийлийг аавыг нутаг буцах гэж байхад хийлийн багш нь өгсөн байдаг.

Тэр багш хамгийн хайртай, магадгүй цорын ганц хөрөнгөө монгол хүүд өгч явуулсан байна. Аавын зургийн багш нь Францад гар аргаар урласан, будгийн хайрцгаа цаас будгаар дүүргээд, сандалтай бэлэглэсэн.

Хүүхдийг хүндэтгэсэндээ биш, Монгол Улсыг, монгол хүнийг биширч өгсөн бэлэг гэж би ойлгодог.

-Тэр хийл одоо байдаг уу?

-Нэг удаа натюрморт зурахдаа тэр хийлийг ашиглах гээд хайтал олдоогүй. Ааваас асуухад Улсын филармонийн нэг хөгжимчин түр гуйгаад өгөөгүй гэсэн. Хөгжмөө олж авъя, хөөцөлдье гэхэд тэр хөгжимчний зүсийг мэдэхээс нэрийг нь санахгүй байж.

Аавын ч зав гараагүй мартагдсан байх. Аав хөөцөлдөхгүй байхад би ахмад хүний өмнүүр ороод яах вэ гээд л өнгөрсөн дөө.

-1926-1930 онд Германд суралцсан хүмүүсийн олонх нь хэлмэгдсэн. Танд гадуурхал мэдрэгдсэн үү?

-Герман тагнуул гэж элдвээр дуудуулаад тэд их л зовлон үзсэн дээ. Монголд анх шинэ жил тэмдэглэсэн хүмүүс бүгд баригдсан шүү дээ. Азаар аав гүүр барих гэж хөдөө яваад очоогүй юм билээ. Одоо 16 хүрээгүй жаалд мөнгө, машин, сүх өгөөд гүүр барь гэвэл яах бол доо.

Тухайн үед цемент ч байхгүй, төмөр хийцийг бүгдийг гараараа урлаж, толгойгоороо хариуцдаг байсан. 1950-аад онд “Алтай” ресторанд аав Ванган, Гаваа, хөгжмийн зохиолч Дамдинсүрэн, Тарваа нартай уулзсан. Аавыг согтохыг тэгэхэд л анх удаа харсан.

Гэр рүүгээ явах гэхээр “Манайх ийшээ биш” гэж намайг зовоогоод уйлуулсан. Маргааш нь “Миний хүү уучлаарай. Аав нь согтоогүй, тоглосон юм. Гашуудал тайлсан юм” гэсэн. Ямар гашуудал вэ гэвэл биднийг бодож энэ хэдэн жил өдөр бүр шаналж явжээ.

Учир нь гүүр хийнэ гэдэг асар их хариуцлага. 25 жилийн хугацаанд аавын барьсан 14 гүүрний аль нэг нь үер уснаас болж, хаврын цас хайлахад, ямар нэгэн шалтгаанаар шатаж, эвдэрвэл өчиггүй буудуулах ялтай байсан үе.

Тийм зүйл тохиолдвол орос авгай хоёр эрлийз хүүхэдтэйгээ хаачих вэ дээ.

-Таны ээжийг Лена гэдэг, орос эмэгтэй байснаас өөрийг мэдэхгүй юм.

-Ээжийн минь өвөө их биерхүү, хүчтэй хүн байж л дээ. 1905 онд Оросын хувьсгалын үеэр хоёр цагдааг духаар нь мөргөлдүүлж хороосон тул нутаг заагдаж, Сибирьт очжээ. Ээж тэнд төрсөн. Елена Иосифовна Шенчук нэртэй байсан нь энд ирэхдээ Шиянова болж өөрчлөгдсөн гэсэн.

Ээжийн аав Алтанбулагт зам барьж байгаад хатгаа тусаж өөд болсон. Эмээ гурван охинтойгоо 1943 онд Улаанбаатарт ирсэн гэдэг. Циркийн оркестрийнхон хөгжмийн сургагч Гальперин гэх, Оросын жаазыг үндэслэгчдийн нэгийн удирдлагаар Ленин клубт бүжиг болоход халтуур хийдэг байж.

Аав тэнд л хөгжим тоглож байхдаа ээжийг анх харсан юм билээ. Ээж бусад орос эхнэртэй адилгүй. Намайг нэгдүгээр ангид ороход Хүн эмнэлгийн сургуульд элссэн ч аавын арын албыг хариуцан мэргэжлээрээ ажиллаагүй.

Зураачийн эхнэр гэдэг тусгай мэргэжил байхгүй юу. Зураачид асар амиа хичээсэн улс. Гэрийн ажилд хуруугаа ч хөдөлгөхгүй, уран бүтээлээ л гэнэ. Гоё сайханд нүд унагадаг мэргэжил болохоор хөөрхөн хүүхэн харвал араас нь дагаад л явна.

Манай аав сайхны гайхамшиг, биерхүү, царайлаг, биеэ зөв авч явдаг соёлтой, нүд булаасан эр байлаа. Цогзолмаа гуай “Сайхан хүн гэж ямар хүн байдгийг зааж аль гэвэл Намхайг хэлнэ” гэж байсан. Театрт тухайн үеийн Монголын хамгийн, хамгийн гэсэн согоонууд ажилладаг, гутлаа чирсэн амьтан нэг ч байгаагүй.

Тийм байхад эхнэр юу бодож суух вэ. “Большой театр”, Лондон, Прагийн театрт очиход ч яг адилхан л сайхан хүүхнүүдтэй таарна. Гэхдээ аавд хүүхнүүд л нүд унагана уу гэхээс өөрөө эргэж ч хардаггүй байсан. Герман, Чех, Болгар, Румын, Унгар, Оросын олон хүүхэн найз нь болж, захиа илгээнэ.

“Яаж тэсэж байна вэ” гээд ээжийг заримдаа гайхдаг байлаа. Тэд яг л нэг зүйлийн хоёр тал гэсэн үг. Амиа нийлүүлсэн хүмүүсийн хамгийн дээд аз жаргал нь нэг өдөр хамт хорвоог орхих юм шиг байна билээ.

Аавыг өнгөрсний дараа “Намайг орхиод явчихлаа. Би явмаар байна. Би түүнд бүх насаа зориулсан. Хариуг нь хэн төлөх юм бэ” гэх зэргээр өдөр бүр түүнийг дурсаж, ээжид их хэцүү байсан.

-Ярилцлагаа эхлүүлэхээс өмнө та үнэн, худлын талаар хэлсэн. Аавын тань талаар ямар худал мэдээллүүд гарч байв?

-Аавыг Монгол Улс даяар хүндэтгэдэг, амьд сэрүүн байхад нь “Чи” гэж дуудаж байсан хүнийг би лав мэдэхгүй. Найз нөхөд, ямар ч хүн байсан “Намхай гуай” л гэдэг. Харин өнгөрсөн хойно нь элдвийн яриа энд тэнд цухалзахад их гайхсан. Театрын даргын ажил маш зовлонтой.

Театр гэдэг өөрөө хов жив, атаа жөтөө. Бүгдэд таалагдана гэж байхгүй. Бүжигчин охидоо хүүхэд төрүүлүүлэхгүй гэнэ, 500 гаруй уран бүтээлчийн хоол унд, хувцас байр орон сууц гээд л санаа зовох, бүтээн босгох ажил ихтэй.

Тайзны хувцас хийлгэх боллоо гэхэд одоогийнх шиг дэлгүүрээс очоод авчихгүй. Юм ховор цагт гуйж түүж, янз бүрийн аргаар л олно. Намын төв хорооноос хөдөлгөөн бүрийг нь хянана. Хөгжмийн зохиолч найзууд нь гадаа муулаад зогсож байсан удаа ч бий гэсэн.

Яагаад гэхээр уран бүтээлчдэд амьдралын хэцүү ширүүн зовлон таарахад “Би ийм, тийм бүтээл хийе, урьдчилгаа мөнгө өгөөч” гэж гуйхад нь аав “Үгүй” гэдэг байжээ. Их шулуун, үнэнч хүн байсан юм. Өдгөө аавыг олонх нь мартлаа, муулдаг байсан улс ч бурхан болжээ.

Улсад хийсэн түүний гавьяаг одоо л үнэлэх цаг ирж байгаа болов уу гэж бодож байна. Тухайлбал, Халх голын 75 жилийн ойг тэмдэглээд байна. Аав Хэрлэнгийн хоёр гүүрийг бариагүй бол Оросын танк, цэрэг Дорнодын чиглэлд явж чадах байсан уу, үгүй юү гэдэг хүртэл эргэлзээтэй.

Аавд өгөх ёстой гавьяа шагналуудыг өгсөн хэрнээ л цаагуураа л хавчиж шахаад байсан нь мэдрэгддэг. Тэрбээр ганцхан юманд улсад их гомддог байсан. Германд сурсан гэдгээс нь болж Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн гэдэг цол өгөөгүй.

Тэтгэврээ нэмүүлэх, гадаадад эмчлүүлэхэд хөнгөлөлт бололцоо өгдөг цол юм билээ. Нас нь өндөр болж, өвчин зовлон нүүрлэхэд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороонд хэд хэдэн удаа өргөдөл бичиж, өөрийгөө доош хийн байж дарга нараас нь гуйгаад ч өгөөгүй.

Монгол бичгийг халсанд би хуучин засаг төрд, бас өөртөө гомддог. Ялангуяа аавыг өөд болсны дараа үүнийг бүр ихээр мэдэрч, толгой руугаа нүдлээ. Намайг багад босоо бичиг зааж байгаад болиулсан юм.

Манай доод давхарт амьдардаг, Э.Оюун гуай зав чөлөөгөөрөө надад зааж өгье гэсэн ч би хүүхэд насны гэнэн тэнэгээр эрх чөлөөнд дурлаж, байнга жаргалтай сайхан явах юм шиг санаж, тэр боломжийг ашиглаагүй.

“Хувьсгалын ачаар” одоо аавынхаа бичсэнийг гаргахгүй байна. Хэвлэмэлийг нь муухан чармайж гаргадаг ч татлаад бичсэнийг уншиж чадахгүй. Хүү нь аавынхаа бичсэнийг уншиж чадахгүй байна гэдэг эмгэнэл байтугай гашуудал, сүйрэл. Надад захиа бичсэн ч юм уу, үгүй ч юм уу. Тэр олон бичиг дунд би шушмаа болоод байна.

-Аав тань ямар нэгэн томоохон даалгавар өгч байв уу?

-Зураач болсон минь явцын дунд олж авсан, сонгосон мэргэжил биш. Ерөөсөө л зураач болж төрсөн ухаантай. Үүнээс өөрөөр хоол олж мэдэхгүй. Би зураач, өөр хэн ч биш. Азтай хувь тохиолоор Чехэд уран зургийн дунд сургуульд суралцсан юм.

Дээд сургууль байгаад 1960-аад оны засаг төрийнх нь шийдвэрээр дунд сургуулийн статустай болсон юм билээ. Дээд сургуулийн профессорууд дунд сургуулийн багш болсон ч зааж байгаа хичээл, аргачлал нь дээд түвшнийх. 30 нас гарсан оюутнуудтай хамт сурдаг байлаа.

Уг нь төгсөөд Прагийн урлагийн академид элсэхээр шалгалт өгсөн ч Чех рүү явуулсан оюутнуудаа улс татчихсан. Ирээд Чехийн эсэргүү нэр зүүж нэг хэсэг хэлмэгдсэн. Гуравдугаар ангидаа яагаад ч юм бэ Оросын пионерт элссэн, Эвлэлийн болон намын гишүүн болж байгаагүйгээсээ болж элдэв гавьяа шагналаас хасагддаг.

Н.Цүлтэм гуай намайг урлаг судлалаар бэлтгэхээр И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академид явуулсан. Зургийн ангид давхар суралцаж байхдаа Оросын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач Андрей Андреевич Мыльниковт зургуудаа үзүүлэхэд “Юугаа хийж өөр ангид сурч байгаа юм бэ. Манай ангид ор” гэснээр тэр багшийн “өмч” болсон.

Зарим оюутан намайг болох болохгүй юм зурлаа гэж сургуулийн захиргаанд алтан хошуу хүргэх гэхэд багш үгүйсгэж, нам дардаг, бид сайн ойлголцдог байлаа. Багш надад заахаас илүү миний үгийг сонсох дуртай.

Яагаад гэвэл миний Чехэд суралцсан аргачлал дэлхийн урлагийнх. Би орчин үеийн урлагийн том мастеруудтай танилцан, үзэсгэлэнг нь үзэж байсан. Барууны урлаг, миний үзсэн хичээл Орост хориотой, Сальвадор Далигийн номыг манай сургуулийн номын санд орос оюутнуудад үзүүлэхийг зөвшөөрдөггүй байсан тул багшид сонин байж л дээ.

Дэлхийн урлагийн түүхэнд шинийг авчирсан, Английн барималч Генри Мурын үзэсгэлэн 1960-аад онд Прагад гарахад уулзаж, үзэж байлаа. Дайны дараахан ясны уран сайхны чанарыг илтгэсэн баримлууд бүтээсэн хүн юм.

Тухайн үед жил бүр зохион байгуулдаг Италийн биенналийн шагналт бүтээлүүдээр Прагад үзэсгэлэн гардаг, Чех дэлхийн урлагийн төв шахам байсан.

-Аавын тань энэ хөрөг их сүрдмээр юм. Хэн зурсан юм бэ. Харахаар ямар мэдрэмж төрдөг вэ?

-1946 онд өөрийнх нь зурсан хөрөг. Энэ их сонин зураг. Лам, бөө зэрэг юм мэддэг, мэдэрдэг улс харахаараа бараг мөргөх шахаж, амьд хөрөг байна гэдэг. Хүмүүс шоолох байх л даа. Гэхдээ намайг заримдаа харцаараа удирдаад байх шиг санагддаг.

Урлагийн түүхэнд амьтай зургийн тухай түүх олон бий. Тухайлбал, Рембрандтын хөрөгтэй очоод ярьж болдог гэдэг. Аав минь багаасаа л уран зураг зурсан.

Хэнд ч саад болохгүй зургаа л зурах уг нь түүний ганц мөрөөдөл. Даанч биелээгүй. Улсын ажил гэсээр зургийг зав чөлөө, зай завсраараа зурсан.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
95.188.204.162 Хэлмэгдэж явна гэдэг үнэхээр аймшиг бие биенээ хүнд лэж хайрлаж амьдарцгаая хүмүүсээ!!
103.229.122.161 сайхан ярилцлага байна.Санчирыг монгол улсын гавьяат болгохгүй байгаа нь бас л гадуурхаад байгаагийн жишээ баримтаараа...
103.229.122.161 жинхэнэ гавьяат хүн
  • 2017 оны 11 сарын 26
202.179.31.113 sain hunii ur suut guunii unga setgel tuvshin urt udaan amdrarai
103.57.95.187 маш сайхан
103.229.122.169 АГУУ! МОНГОЛЫН ЖИНХЭНЭ СЭХЭЭТНҮҮДИЙН НЭГ. ИЙМ ХҮМҮҮСИЙГ ЭЛИТ ГЭДЭГ ЮМ. ЭНД ЭД ХӨРӨНГӨ МӨНГӨ ТӨГРӨГ ХАМААРАХГҮЙ.
150.129.140.251 Сайхан дурсамж байна Сайхан ярилцлага
150.129.140.251 Сайхан дурсамж сэтгэл сэргэх шиг боллоо бас зөндөө юм бодогдлоо
124.158.77.49 Асар том итгэл хариуцлага хүлээлгэж байж дээ Тэр том том голууд дээр тиймхэн техниктэйгээр одооны инженэрүүд яах бол шалтаг шалтгаан бол юу ч биш шүү дээ
24.60.248.58 ...saikhan yaariltslaga baina daa....bosoo buchgeer baigaa zuluudee meddeg khuneer taluuluulmaar yuum . er ni bol namkhaitseren guin tukhai ( aaviinkhaa tukha) nom bichej uldeekh kheretei shuu dee....khamt ajillaj baisan, ter yeeiikhkhen khumsuudees yaarilstlaga avaad eeree dursamjaa nemerleed baigaa ev sangiin ni nom bolgoj khoich yeedee uldeekh kheretei l dee....ter bol TA NARIIN UUREG YUUM DAA...AMJIULT. SANCHIRAA...!!!BUYANAA...
66.181.185.41 Гайхалтай сайхан түүх уншиж биширч хайрлаж харамсах сэтгэл төрлөө.Сайхан хүмүүсийг их гомдоож дээ .Төр засаг маань хэзээ сэрж эмхэрч цэгцрэх болдоо.
202.21.119.122 монголын амьд түүх, агуу хүмүүс улам л цөөрч байна даа Энэ эрхэм хүнд төр засаг шагнал урамшуулал хайр халамжаа харамгүй өшөх ёстой гэж боддог Даанч төр хүчгүйтэж зусарч бялдууч бөгс долоогч нар төрийн эрхийг барьж байхад бүтэхгүй биз дэ
202.9.40.101 Бидний үед урлагийн гайхамшигт алтан үеийнхэн хийж бүтээхийн оргил үед байсан. Бид тэд нээрээ бахархдаг,гүнээ хүндэтгэлэг байж дээ. Тэд залуу үедээ өсөн түшиг нь байсан. Намхайцэрэн гуай бол үнэхээр аугаа хүн байсныг мэднэ ээ
103.57.94.75 Маш сайхан. Зураг бол нүдээр харах бясалгал.
84.74.126.100 Сайхан юмаа
91.10.22.210 Saihan dursamj unshlaa, bayarlalaa
139.5.218.57 HARANGIIN LKHAGVAAGIIN EHNER BSAN MARALAAGIIN AAV. ZORIG AGSANTAI OIR DOTNO BAISAN ZURAACH HUN.
43.242.243.200 Saihan dursam
184.21.208.121 Sanchir akh aav shigee hodolmorch, ANU d Vermont mujid irj uran buteelee baigaliin saikhand, delkhiin zuraachdyin dund gaikhuulan buteej bailaa ereed onyi suuleer, saikhan dursamj ba aa...
103.229.122.156 их сайхан гартай юм гарвал угсаа ч гайгуй л хуний шинж дээ
31.15.61.129 Seheeten gedeg ugiin utgiin talaar humuus jaahan ch gesen oilgolt avahaar bichsen bn.Bi seheetnii huuhed elitiin uye udam n tr gej yarih durtai ulsuudad uurtuu dugnelt hiih bolomj olgosond talarhaj baina.Amjilt bugded n huseye.
103.26.193.125 Saihan yariltslaga...Sanchirt an jargal husee...naya
103.229.120.29 Bahdam saihan
111.217.41.198 Gaihamshigtai, aguu hun baisan daa. Saihan yariltslaga baina.
39.7.47.195 Shan aawiin nerig sain l awch ywaa ym bnaa.ghde ter guur ntrig namhai guai gaw gantsara ochod ulaan garaara barisan ym shig bichje