Д.ӨЛЗИЙ-ОРШИХ: УДАМ.МН-ИЙГ АШИГЛАСНААР БИ ДОЛООН ҮЕЭ МЭДДЭГ БОЛСОН

2015 оны 08 сарын 18

Монголчууд бид ургийн бичгээ эртнээс хөтөлж ирсэн баялаг түүхтэй боловч 1925 онд Засгийн газрын тогтоолоор энэ уламжлалыг бүр мөсөн зогсоож хориглосон билээ.

Түүнээс хойш хүмүүс ураг, удмынхныхаа тухай мэдээллийг нэгтгэн хадгалах нь багассаар өдгөө бидний үеийнхэн өөрөөс дээш гурван үеийнхнийхээ намтрыг бичих гэж л хөглөх болж.

Хүн бүр удам судраа мэдэж байвал үр хойчид маань хэрэгтэйг хүмүүс ойлгож ухамсарлаж байгаа ч хэрхэн, яаж гэдэг асуудалтай байнга тулгардаг. Ургийн бичиг бичих аргачлал гарсан ч түүнийг ашиглан гаргасан номонд зөвхөн аавын талынхан багтдаг.

Гэтэл ээжээсээ ч бид хамааралтай. Тиймээс мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байгаа энэ эрин зуунд ургийн бичгийг хэрхэн хялбар аргаар хөтөлж, хамаатан садантайгаа холбоотой байж болохыг үлгэрлэж буй сүлжээ нь www.udam.mn юм. Энэ сүлжээг бүтээсэн “Старсофт” ХХК-ийн захирал Д.ӨлзийОршихтой ярилцлаа.


Тэрбээр монголчуудын хайртай жүжигчин Г.Дашхүүгийн ууган хүү юм. Ард түмэндээ инээд бэлэглэж, сэтгэлд нь өөрийгөө тод зурчихаад явсан аавын хүү өдгөө монголчууд ураг, удмаа мэдэлцэж, харилцаа холбоотой явах их том ажил өрнүүлээд байгаа юм.

-Удам.мн хуудсаар зочилж үзлээ. Нэвтрэхэд илүү хялбар болжээ. Шинэчлэгдсээр л байна. Жил гаруйн хугацаанд багагүй дэвшил гаргажээ.

-Удам.мн одоо эхний гарсан хувилбараараа ажиллаж байна. Есдүгээр сарын 10 гэхэд шинэ хувилбар ашиглалтад орно. Энэ хувилбар илүү ойлгомжтойгоос гадна зөвхөн ураг, удмынхнаа мэдэх биш үндэсний олон нийтийн сүлжээ болж буйгаараа онцлогтой.

-2013 оны тавдугаар сард энэ хувилбарыг танилцуулсан юм билээ. Ашиглах явцад дутагдалтай талаа залруулсаар шинэ хувилбар гаргахаар болов уу?

-Дутагдал байсан гэхээсээ илүү бид бүтээгдэхүүнээ байнга сайжруулахыг л зорьсон. Анх бид удмын сүлжээ хийхийг зорьсон. Харин одоо бол монгол туургатны сошиал сүлжээ бий болгохоор зориглоод байна.

Монголчууд бид фэйсбүүкийг өргөн хэрэглэх болжээ. Гэтэл тэнд таньдаг хүнээ л бүртгэдэг. Өөрийнхөө удмынхнаар жишээлбэл би удам.мн-ийг ашиглаад удмынхаа 1000 гаруй хүнийг бүртгэжээ.

Амьд сэрүүн, сүлжээ ашиглаж байгаа, насанд хүрсэн хүн нь 100 хол давна. Ийм тооны хамаатнаа би фэйсбүүкээс бол олж чадахгүй байсан. Учир нь бид таньдаг ойр дотны ах дүүсээ л найзаар бүртгэж байгаа.

 

Харин Удам.мн-ийг ашигласнаар өвөг дээдсийнхээ амьдарч байсан нутаг орны нэрийг одоогийн байгаа засаг захиргааны нэршлээр оруулж, дараа нь овгоор нь болон уул усны нэр, элэнц хуланцынхаа нэрээр хайх боломжтой.

Тухайлбал, миний өвөг дээдэс Баянхонгор аймгийн Богд сумаас гаралтай. Тэгэхээр би удам.мн-ээс энэ сумынхныг, ургийн овог, уул усны нэрээр нарийвчлан хайж өөрийн удмынхнаа олох боломжтой юм.

-Иргэний бүртгэл мэдээллийн санд байгаа бүх ургийн овог бүртгэлтэй байдаг юм уу?

-Бүх овгийг бид үүсгэж бүртгэсэн юм биш. Хүмүүс өөрсдөө бүртгэнэ. Угтаа ургийн бичгийг нэг хүн нэг л удаа хийчихдэг зүйл биш. Олуулаа нийлж хийвэл илүү үр дүнтэй.

-Одоо удам.мн хэчнээн гишүүнтэй вэ?

-Удам.мн-д хүмүүсийн нарийн нууц мэдээлэл хадгалагддаг учраас дэлгэрэнгүй хариулт өгөх боломжгүй. Тоймловол 40 гаруй мянган овог бүртгэлтэй байгаа. Нэг овгийн цаана олон хүн бий.

-Мэдээллээ алдах вий, эсвэл энэ сайт удаан оршин тогтнохгүй байх гэж зарим хүн сэрэмжилж болох юм.

-“Старсофт” компани мэдээллийн технологийн салбарт арав гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, санхүүгийн хувьд харьцангуй тогтворжсон.

Энэ салбарт багагүй хугацаанд хүчин зүтгэсэн хамт олны хувьд монголчуудынхаа өмнө тулгараад байгаа нэг ч гэсэн бэрхшээлийг хялбар аргаар шийдье гэсэн хүслээр ургийн бичгийг гар утсаар хөтлөх үнэгүй программ хангамж зохиосон.

Учир нь нийт хүн амд эзлэх гар утасны хэрэглээгээр монголчууд бараг дэлхийд тэргүүлэх хэмжээнд очоод байна. Ухаалаг утасны хэрэглээ ч сүүлийн үед эрс нэмэгдсэн. Монгол айл бүрт компьютер байхгүй ч, хүн бүр гар утастай, 3G сүлжээ ашиглаж байна.

Гурвалсан үйлчилгээ бий болсноор wifi түгээмэл хэрэглэх боллоо. Иймд гар утсан дээр ургийн бичиг хөтлөх нь хамгийн тохиромжтой сонголт юм. Бид ашгийн зорилгоор энэ ажлыг эхлүүлээгүй ч олон нийтийн сүлжээний цаана асар их мөнгө эргэлдэж байдаг.

Олон компани фэйсбүүкт мэдээллээ байршуулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж байна. Тэгэхдээ америк доллараар тооцоо хийж валютаа гадагш урсгаж байгаа.

Тиймээс бид шинэ хувилбараа бүтээж энэ их мөнгөний урсгалыг эх орондоо үлдээхийг хүссэн.

-Өмнө нь Монголд олон нийтийн сүлжээ хийх оролдлого хийсээр байсан ч амжилт олоогүй.

-Оролдлогууд байсан ч урт наслаагүй. Шалтгаан нь тэд ихэвчлэн өөрийн гэсэн онцлоггүйгээр фэйсбүүкийг дуурайсан. Харин “Удам” сүлжээнд ургийн бичгээс гадна удмын түүхээ үлдээх боломжтой юм.

Миний аав ямар бүтээл туурвиж, хийж явсныг үр хойч маань эндээс мэдэж болно. Манай гэр бүлийн, нэг удмынхны түүх тэр чигтээ байна. 5-10 жилийн дараа энэ сүлжээ өөрөө оршин тогтнохоос өөр аргагүй болно.

Бид энэ сүлжээг 200 жилийн настай гэж харж байгаа. Ийм учраас сүлжээнд олон нэмэлт үйлчилгээ, бизнес моделиудыг суулгаж өгч байгаа бөгөөд түүгээрээ санхүүжинэ.

-Та бүтээсэн сүлжээгээ ашиглан хамаатнуудтайгаа хэр сайн танилцсан бэ?

-Кассет, дивиди, флаш гээд л бидний түүхээ бүтээж, үлдээж байсан хэрэгсэл асар хурдацтай хөгжин, шинэчлэгдэж байна. Одоо бол хүн болгоны гар утсан дээр балчир үрийнх нь амьдралын түүх бичигдэж байгаа.

Төхөөрөмж эвдэрвэл энэ мэдээлэл устах аюултай. Компьютер дээр зургаа хадгалж байтал хард нь гэмтвэл яах билээ. Тэр бүхнийг эрсдэлгүй хадгалах боломж нь “Удам” сүлжээнд бий. Таны оруулсан мэдээлэл хүссэн хүмүүст нь хүрнэ.

Би хүүгийнхээ төрсөн өдрөөр хамаатны хүүхдүүдээ урьж баяр хийгээд, тухайн үед хийсэн бичлэгээ ганцаараа эсвэл зөвхөн гэр бүлээрээ үзээд байвал харамсалтай.

Тэгвэл тэдэнтэй ч бас хуваалцах боломж энэ сүлжээнд бий. Мөн үндэсний хэмжээний сошиал сүлжээ болсноор та найзуудтайгаа холбогдох болно. Гэсэн ч ураг, удмынхны чинь мэдээлэл энд харагдахгүй. Тусад нь заагласан хана бий.

Аюулгүй байдлыг нь хангаж бид олон удаа туршиж, довтолгоо хийлгэж үзсэн. Манай ээжийн талынхан ургийн бичгээ их сайхан хөтөлж ирсэн. Харин аавын талын эрчүүд богино насалж, мэдэх хүн цөөн байсан болохоор огт хөтлөөгүй байсан.

Би энэ ажлыг эхлүүлснээсээ хойш хамаатныхаа нэг хөгшинтэй хамтран мэдээллээ оруулсан. Аав минь бурхны орон руу яваад 15 жил болжээ. Намайг 26 настай байхад өөд болсон. Гэхдээ хүн аавыгаа байхад юу ч мэддэггүй юм билээ.

Аав минь 12 хүүхэдтэй айлын ууган хүү. Өвөө минь эцэг, эхээс долуулаа гэхээр манай удмынхан их өнөр өтгөн улс л даа.

Би нийт монголчуудын нэгэн адилаар 3-4 үеийнхнээ л мэддэг байсан бол “Удам” сүлжээг хөтөлснөөр долоон үеэ мэдэх болсон.

 

Миний хүүхдүүд найман үеэ, ач маань төрвөл есөн үеэ мэдэх нь. Гурав, дөрөвхөн үеэ мэддэг болохоор ургийн бичгээ хөтөлж чадахгүй гэж боддог хүмүүсийг ингэж бүү алгуурлаарай гэж хэлмээр байна.

Учир нь та гурван үеэ мэдэж байгаа бол хүүхдүүд тань дөрөв, ач нар нь таван үеэ мэдэж цааш үргэлжлүүлнэ. Угаасаа ургийн бичгийг нэг хүн нэг удаа хийдэг ажил биш гэж би дээр хэлсэн. Ургийн бичгээ цаасан хэлбэрээр бичиж, үлдээж болох ч үүнийг одоогийн залуус уншиж, ашиглах нь ховор.

Гэтэл дэлхийн хэмжээнд удамшлын 2000 орчим өвчин байдгийн тал нь цус ойртолтоос бий болдог аж. Тиймээс аав, ээжийнхээ талын ураг удмынхнаа таньж мэддэг байвал гэрлэх насны залууст эрсдэл бага гарна.

Одоогийн байдлаар ургийн бичиг үйлдэх санаачилгыг ихэвчлэн ахмадууд эсвэл гэр бүлтэй болж, үр хойчдоо түүхээ үлдээх шаардлагатайг ухамсарласан дунд насныхан гаргаж байгаа.

Залуусын сонирхлыг татаж, тэдэнд хэрэглүүлэхийн тулд хамгийн өргөн хэрэглэж байгаа олон нийтийн сүлжээ болон гар утсаар дамжих нь зөв сонголт юм.

-Сүлжээгээ 200 жилийн настай гэж дээр хэлсэн. Яаж ийм тооцоо гаргасан бэ?

-Хүний амьдралын нэг үе 20-25 жил байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр би хүүхэдтэй боллоо, миний хүүхэд 20-25 насандаа хүнтэй суугаад дараагийн нэг үеийг гаргаж ирж байна. Ингээд есөн үе үргэлжилнэ гэхэд 200 жил болно.

Монголчууд есөн үеийн түүхээ мэдэх хэрэгтэй гэж бичиж, тэмдэглэж ирсэн нь оргүй зүйл биш. Учир нь хүн эцэг эхээсээ 50:50 хамааралтай бол хоёр талын эмээ, өвөөгөөсөө 25 хувийн хамааралтай. Энэ нь үргэлжилсээр есөн үеийн дараа 0 хувь болдог учраас цус ойртох гэдэг эрсдэл үгүй болох юм.

-Таныг аавынхаа тухай блог хөтөлдөг байсныг мэдэх юм. Ард түмний сэтгэлд хоногшсон жүжигчний тухай сайхан дурсамж ярих хүн олон. Харин хүүгээс нь илүү нандин түүх сонсох байх гэж найдаж байна.

-Миний аав жүжигчин Г.Дашхүү ард түмний хайртай хүү байсан. Шилжилтийн үеийн хүнд хэцүү цагт Монголын ард түмний нүүрэнд нь баясал, сэтгэлд нь гэгээ татуулж эрч хүч өгдөг тийм жүжигчин байсан.

Гэхдээ хүн аавыгаа дэргэд байхад юу ч мэдэхгүй, анзаарахгүй л явдаг юм байна. Намайг тэжээх үүрэгтэй, байж л байдаг хүн гэж боддог ч юм уу. Аавыгаа бурхны оронд одсоноос хойш телевизүүдээр явж бичлэгүүдийг нь цуглуулж, сонины архиваас ярилцлагуудыг нь уншиж олон зүйлийг мэдсэн.

Аавдаа дуун суварга босгож С.Жавхлангаар дуулуулсан. Манай дүү Д.Галбаярын студид дүрсжүүлж, хөгжмийг нь Т.Сэр-Од, шүлгийг нь Ц.Бавуудорж бичсэн. Блог хөтөлж байсан. Хүмүүс өдий хүртэл аавыг минь марталгүй үргэлж сайхнаар дурсаж байдагт баярладаг.

Д.Өлзий-Орших өдгөө монгол түмэнд хэрэгтэй бас нэгэн том хөшөө босгож байна. Аав, хүү хоёрын үйл хэрэг өөр ч ард түмнийхээ төлөө зориулсан сэтгэл нь нэг юм.

Түүний өвөө нар 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож эх орныхоо төлөө цусаа урсгаж явсан баатар эрс юм билээ.

Харин элэнц өвөө нь 1921 оны Ардын хувьсгалын партизан гэнэ. Ийм яндашгүй бахархал байхад тэр бүтээсээр л явна. Та ч бас түүнтэй адил удам судрынхаа түүхийг ахан дүүстэйгээ хамтдаа бүтээх боломжтой.

Ж.Солонго

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
165.132.172.150 arai l duusagui ym shig bn. Amjilt xusey