Таныг хамгийн их айлгадаг зүйл юу вэ?

2015 оны 08 сарын 07

 

Георгий Гуржиев бол ХХ зууны хамгийн алдартай сэтгэл судлаач, зөнч бөгөөд түүний боловсруулсан өөрийгөө үнэлэх аргачлал нь дэлхийд алдартай. Мэргэжлийн сэтгэл зүйчдийн гарын авлага болсон эл тестийг “Хувийн хэрэг” гэдэг аж. Түүний тайлбарласнаар  хүн бүрт багадаа мэдэрсэн үндсэн нэг айдас байдаг бөгөөд тэр нь насанд хүрсэн хойно ч сэтгэлээс нь гардаггүй. Айдас 9 янз ба хувь хүний чанар нь мөн 9 төрөл байдаг. Гэхдээ энэ бүхэн харилцан уялдаатай. Та юунаас айдгаа чин үнэн хариулаарай.  Ингэхийн тулд хүн бүр өөрийгөө гурван хувь хүн гэж бодох учиртай. Тэгээд эхний гурван асуултаас нэгийг нь сонгоно. Энэ бол  гол хариулт буюу таны үндсэн зан төлөв юм.  Дараагийн зургаан асуултаас хоёрыг сонгож,  хариулна. Энэ бол  таны доторх өөр өөр төрхийг тодруулна. .   

Таныг юу юунаас илүү айлгадаг зүйл?

1. Төгс бус байх.

2. Ганцаардал.

3. Алдаа дутагдал.

  1.  Жирийн нэгэн байх.
  2.  Ёс зүйгүй, эрээгүй байх.
  3.  Урвамтгай байдал.
  4.  Идэвхгүй байдал.
  5.  Сул дорой байх.
  6.  Зөрчил, тэмцэлдээнтэй байх.

1. Төгс байхыг чармайгч

Та үргэлж ямар нэгэн алдаа гаргахвий гэж бодож, бүхнийг төгс байлгахыг хичээдэг. Үргэлж идэвхтэй, хөдөлмөрч, нямбай байдлыг эрхэмлэгч. Алдаа дутагдлыг хий үзэгдэл мэт бодож, зугтдаг. Бага насандаа та дэмжлэгээр дутаж өссөн. Тиймээс та шүүмжлэлээс айдаг. Үргэлж шилдэг нь байхыг хичээж, маш их чармайдаг бөгөөд үүнээсээ болж их бухимддаг.

2. Туслагч

Та бусдын төлөө амьдардаг. Ингэж байвал сайхан санагдаж, ийм л байх ёстой гэж боддог. Та ганцаардлаас зугтдаг учраас ингэдэг гэж болно. Эргэн тойронд тань хүрээлэх хүнгүй бол таны амьдралын утга учир алдагдана. Таныг хүүхэд байхад  эцэг эх тань юугаар дутаад байгааг чинь сайн ойлгодоггүй байжээ. Тиймээс та одоо ганцаардсан амьтан болж хоцрохоос эмзэглэдэг. Та өөрийнхөө төлөө бага ч гэсэн анхаарч байхыг хичээ.

3. Тэмцэгч

Таны амьдралын утга учир нь хөдөлмөрлөх. Амсхийж, зогсох нь таны хувьд жинхэнэ уйтай, гунигтай зүйл. Та ямар ч нөхцөлд төгс зохицож чадна. Та хүссэн амьдралдаа хүрэхийн тулд юу хүсэж байгаагаа мэдэж, бүхнийг зохицуулж, зорьж чаддаг. Магадгүй хүүхэд байхдаа та сайн үйл бүтээж, түүнийхээ төлөө хангалттай магтуулж, шагнуулж, урамшиж байсан. Гэхдээ хувь хүн байх талаар эцэг эх тань төдийлэн сайн ойлгуулаагүй учраас амьдралаас ихийг олж, амжилттай байвал л сайн гэж бат итгэдэг болсон.  Өөртөө итгэх итгэлийг тань сэргээж чадах янз бүрийн хүмүүсээр хүрээлүүлж,  өөдрөг, баяр баясгаланг мэдэрч, олонтой хөл нийлүүлэх нь чухал байгааг санахад илүүдэхгүй.  

4. Дэврүүн

Та бүх зүйлээс гоо зүй, шинэлэг байдлыг мэдэрч чаддаг бөгөөд бусдаас илүү гялалзахыг хүсэж, хичээдэг. Нэгэн хэвийн, жирийн амьдрал таны хувьд утгагүй. Үргэлж шуурга шиг сэтгэл хөдлөлтэй, мэдрэмжтэй амьдрах нь танд чухал. Гэхдээ та заримдаа хүсэл мөрөөдлөө бусдаас тас нууж, сэтгэлдээ үлдээх ёстойг мэддэг. Ямар ч дотно харилцаанд төгсгөл бий гэж итгэдэг. Энэ нь бусдаас өвөрмөц, онцгой, ялгаатай байдлаасаа болж  багадаа  сэтгэлийн цочролд орж байснаас улбаатай.  Дэврүүн үзэлтэй хүмүүс бүхнийг бүтээлчээр харж, сэтгэх дуртай. Бас сэтгэл гутралд орохдоо амархан,  хаягдаж,  орхигдохоос эмээдэг. Та орчин тойрныхноо өөртэй нь сэтгэлээ хуваалцаасай гэж хүсдэгээс гадна таныг бусадтай харьцуулахад дургүй.

5. Ажиглагч

Ажиглагчид аливааг хөндлөнгөөс  цэгнэн харах дуртай.  Тэд бүх зүйлийг  ойлгож, мэдтэлээ хамраа  цухуйлгахгүй шүү.  Сэтгэл хөдлөлөө үргэлж дарна. Энэ нь хүүхэд байнасандаа ойр дотнынхны сэтгэлийн дэм дутмаг өссөнтэй холбоотой.  Магадгүй эцэг эх тань ямар ч зүйлд үргэлж татгалзаж,  саад болж, таны дотоод ертөнцийг үгүйсгэдэг байсан. Та өөрийн цагаас хумслуулахыг үзэж чаддаггүй. Танилынхаа хүрээг тэлэх дургүй. Ажиглагчид ихэвчлэн багийн тоглогч биш байдаг. Тэд өөрийгөө зовоож, тарчлаасан, залхмаар санагдсан зүйлдээ хүчилдэггүй.

6. Хуучинсаг үзэлтэй

Та бүх зүйл тодорхой дүрмийн дагуу явах ёстой гэж үздэг. Тухайн хүн, эсвэл нөхцөл байдал  ямар нэгэн аюул учруулахгүй гэдгийг мэдэх нь таны хувьд маш чухал гэдэг. Та хууль журмыг ягштал сахидаг ушигээ өөрөө ч бүгдийг нарийвчлан хийдэг. Хэрэв тогтоосон журмаас өчүүхэн төдий хазайвал хуумгай хандлаа гэж сэтгэлээ чилээдэг. Магадгүй таны хүүхэд насанд хоёр эцэг эх байсан бөгөөд тэдний нэг нь маш хатуу чанга хүн. Тэгсэн хэрнээ гэрт нь тийм ч журамтай биш, ойлгомжгүй байсан. Та өөрийн хүрээллээ шударга, хамгийн гол нь таныг хүлээн зөвшөөрч, хуурдаггүй хүмүүсээр бүрдүүлэх нь чухал.

7. Адал явдал хайгч

Та бол жинхэнэ тоглогч. Үргэлж аялал, адал явдлаар “өлсөж”, эрэхийлж байдаг таны амьдралын урсгалыг голтой зүйрлэвэл маш ширүүн урсгалтай. Тэгээд байнга л шинэ найз нөхөд, түншээр хүрээгээ тэлж, тасралтгүй эргэлт, өөрчлөлттэй байдаг. Хэрэв танд уйтгартай, сонирхолгүй санагдах юм бол хийж байсан зүйлээ бодох юмгүй, сэтгэл зовохгүйгээр  орхиод л өөр зүйлд анхаарал хандуулдаг зантай. Таныхаар бол эргэн тойронд дандаа л сайхан, эелдэг ааштай байх ёстой. Та бусдын амьдрал, асуудлыг сонсох дургүй. Энэ бол та хүүхэд ахуйдаа аливаа зүйлээс үргэлж бэргэж, тоглоомынхоо ард нуугддаг байсантай холбоотой. Та тодорхой  нэг зүйлд  анхаарлаа хандуулж, тэвчээртэй дуусгаж сурах хэрэгтэй.

8. Удирдагч

Та сул дорой байдалд дургүй. Харин мөн чанараа харуулж чадсан хүнийг  хүндэлдэг. Таны амьдрал тэр чигтээ тулааны талбар гэсэн үг. Та хүмүүст тусалж, гараа сунгах дуртай, хэзээ ч “Үгүй”  гэж хэлж чаддаггүй. Учир нь таны хувьд  энэ нь сул дорой байдалтай адил гэж үздэг.  Хүүхэд насандаа та хайраар дутаж байсан учраас өөрийгөө хамгаалахын тулд бүх сул талыг үгүйсгэдэг болсон. Таны хатуу чанга зан чанарыг үнэлж байх нь танд юунаас ч илүү чухал. Амьдралын явц, тэмцлийн дунд заримдаа та  бодит нөхцөл байдлыг үнэлж чадахгүй болдог.

9. Энх тайван тогтоогч

Таны хувьд өөртөө болон эргэн тойрондоо амар тайван, эв нэгдлийг эрхэмлэх нь чухал. Та аливаа асуудлаас зугтаж, хэн нэгний талд орох дургүй. Гал дээр тос нэмэхээс зайлсхийдэг зарчимтай учраас тэр. Энхтайванчаар хүссэнээ олж авдаг нь таны мөн чанар. Та бусдыг ойлгож чаддаг хэрнээ өөрийгөө сайн ойлгодоггүй. Магадгүй та багадаа амар тайван байхын төлөө аливаа зүйлийг нуун дарагдуулж, хэлээ хазаад орхихыг эрмэлздэг байсан.  Хамгийн гол нь, өөрийгөө илэрхийлж, харуулах боломж байгаагүй байх. Энэ төрөлд хамаарах хүмүүс уур бухимдлаа зурагт үзэх, амттан идэх, архи уух, ажил хийх, тамхи татах гэхчлэн ямар нэгэн байдлаар заавал тайлдаг. Тэд бас их залхуу. Гэхдээ залхуурлаа болон амьдралд тулсан асуудлаа амжилттай давж, туулж чаддаг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД