БИД ДАНШИГААР ДУТСАН ГЭЖ ҮҮ

2015 оны 07 сарын 24

Улаанбаатарчууд Хүй долоон худагийнхаа дэнжид жилд хоёронтаа нижгэр наадамлахаар болоод байна. Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Их даншиг наадмыг нийслэлийн Буддын шашны сүм хийдүүдээс санаачлан зохион байгуулах гэж буй.

Даншигийн бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил бөгөөд Хүй долоон худагт 256 бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны морьд уралдуулж, сур, шагайн харваа болох юм.

Энэхүү наадмаар дамжуулан үндэсний зан заншил, соёл, түүх, уламжлалыг олон нийтэд сурталчлах боломжтой гэж үзсэн учраас нийслэлийн ЗДТГ санхүүгийн дэмжлэг үзүүлж, аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох “Mongolian Tourism Market” (MTM)-ийг Их даншигийн үеэр зохион байгуулах гэнэ.

Ингээд нар, хур тэгширсэн наймдугаар сарын 8-9-нд Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнд 480 шахам сая төгрөгөөр наадамчин олон одоо л жинхнээсээ наадах гэнэ. Дараа жил, тэрний дараа, дараагийн дараа онд ч тэгэх юм байна.

Манайхны найр наадам ихэдсэн үү л гэхээс ер багадаагүй. Гэтэл одоо улсын наадмын хэмжээний бай шагналтай бас нэг томоохон баяр нэмэгдэв. Наймдугаар 1-нээс хойш ямар ч наадам хийхийг хориглосон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үгийг ахин дахин сануулсаар байхад шүү.

Бас Ерөнхийлөгч наадмыг хааж хэлсэн үгэндээ “Наадмын маргааш намар эхэлнэ. Хүн бүр ажил алба, амралт зугаалгаа зохицуулж, ирэх өвлийн сорилтыг давахад онцгой анхаарахыг сануулж байна. Өвлийн жавар, хаврын хавсаргыг зуны бэлтгэл, намрын хөдөлмөрөөр гэтлэх болно” хэмээн онцолсон билээ.

Сүүлийн хэд хоногт хур бороо орж, газрын гарц өмнөхөөсөө дээрдсэн ч энэ нь өнөө жил монголчууд нийт ургацынхаа 50- 60 хувийг алдах эрсдэлийг бууруулах хангалттай нөхцөл биш хэмээн тариаланчид түгшсэн хэвээр.

Долдугаар сарын дундуураас хойш хэнзэрсэн өвс ногоо малд өөхөн тарга нэмэх ч тэр нь өвлийн хатуу бэрхийг давах хүч тамир болохгүй гэдгийг малчид хэлж байна. Зуны сар адагтаа ортол нийт нутгаар ган гачигтай байсан Монголд ирэх өвөл мичин жилийн зуд нүүрлэх магадлал өндөр болохыг олон жилийн гашуун туршлагаас харагдана.

Тиймээс наймдугаар сар бол найр наадмын хөлд налайж суудаг цаг яавч биш. Хот, хөдөө гэлтгүй өвлийн бэлтгэлээ базаах хатуухан үүрэг хариуцлага бидэнд ногдов. Эрчим хүчний сайд маань “Өвлийн бэлтгэл 50 орчим хувьтай байна” хэмээн аанайхан мэдэгдээд буй.

Эрчим хүчний салбарынханд үлдсэн 50 хувийн бэлтгэлээ гүйцээх хугацаа хэр үлдсэнийг сайд л мэдэж байгаа бололтой. Ирэх өвөл юу болох бол гэдгээс илүү өдийд олны анхаарлыг хамгийн их татаж байгаа зүйл нь Их даншиг наадмаар бөхчүүдэд начин, заан, арслан цол шинээр олгох асуудал болчихоод байна.

Бас даншигт зодоглох бөхчүүдийг цол харгалзалгүйгээр, сугалаагаар оноолт тааруулан барилдуулах болсон нь ихээхэн сонирхол татаж байх шиг. Аягүй бол тэр наадмаар хоёр залуу дархан аварга маань сугалаагаар нэгэнтэйгээ нэгийн даваанд таарч ч мэдэх нөхцөл бүрдээд буй.

Бас даншигийн цол улсынхтай ямар ч хамаагүй учраас дараа жил зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдах юм гэсэн. Тэгэхээр энэ даншигт улсын начин түрүүлбэл даншигийн арслан болоод, дараа жил улсын аваргыг ч амлан барилдах эрхтэй гэсэн үг.

Од нь гийсэн сумын заан ч даншигт түрүүлчихээд, дараа жил дархан аваргыг амлахыг хэн байг гэх вэ. Энэ байдал тэртэй тэргүй маргаан маапаантай байдаг Монголын үндэсний бөхийн холбоо хийгээд хэдэн бөхчүүдийн хооронд дахин “хэрүүлийн алим” тарих вий хэмээн болгоомжилж буй хүмүүс ч байна.

Харин нийслэлийн удирдлагууд “Улаанбаатарт ирсэн жуулчдад үзэх харах зүйл ховор байдаг. Тиймээс энэхүү даншиг наадмын хүрээнд нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид “Саран хөхөө” дуулалт жүжгээ Хүй долоон худагт цугласан наадамчин олонд толилуулах юм.

Мөн Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийг тэнд дэлгэнэ. Түүнчлэн уг наадамд зориулан Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үзүүлэхээс гадна Буддын шашны бүх хийдийн 1000-аад лам Чингисийн талбайд ном хурна.

Энэ бүхэн жуулчдын сонирхлыг ихэд татна” хэмээн тайлбарлав. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд урлаг соёлын олон шинэлэг зүйл санаачилж, жуулчдыг татахын тулд байдаг аргаа хэрэглэж суугаа хотын мээрийн сэтгэл, зүтгэлийг ойлгож байна.

Гэхдээ л наадмын маргааш намар гэдгийг мартаж боломгүй байна.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.142.78 buu dolignoj bai
150.129.142.78 mongol boxoor jyylchin tatna geed syyj baigaa xyyramch baatariig xarxaar ineed xurch baina , icheechee teneg mini
82.58.97.228 In the reason that care....I try todiscover awhole day andso, when acloud disappears,a secret returnsin my mindrecalling theyoung soul andthe world ofyour dreams...Francesco Sinibaldi
103.26.193.164 gadagshaa l harah heregtei, uneheer juulchlal hogjih gej bgaa bol ter hadlantaria mal dotoodiin asuudliig daraagiin eeljind tavi. tanai sonin yoroosoo sanal niilehee bolijee, egiin tosol bolohgui gesnee neftiin uildver gej soliorohiin?
112.72.13.249 аялал жуулчлал хѳгжүүлэх гэж байгаа бол зарцуулж байгаа гол мѳнгѳѳ морь бѳхийн шагналд бус гадныханд эртнээс сайн зар сурталчилгаа хийх болон тэдний сонирхолыг татах зүйл хийхэд зарах хэрэгтэй гэдгийг бусдаас суралцаж хэрэглээгүй цагт сайн л бол хэдэн зуун хүн л ирнэ биздээ.
126.204.196.187 Наадам , баяр цэнгэлийг хэн хорьсон юм бэ? Хэн хаана явж баярлах нь хэнд хамаатай юм бэ. Гол нь хэн хаанаас менге гаргаж байгаад оршино! Сайханбэлэг , элбэгдэлбэгдорж америкт ийм юм сураагуй гэж уу?
202.131.225.141 Нийслэлийн төсөв илүү гараад байгаа юм бол нэг шинэ сургууль эсвэл шинэ цэцэрлэг барьчихаач ээ. ингэж үрэлгэн байж болохгүй ш дээ.