Д.ОНОН: ОДОО Ч ЗАЛУУГИЙНХ ШИГЭЭ ТҮРҮҮ, АЙРАГ АВАХ ЮМСАН ГЭЖ ШУНАХАА БОЛЬЧИХОЖ ДЭЭ

2015 оны 07 сарын 20

Өнөө цагийн уяачдыг манлайлж яваа эрхэм бол Монгол Улсын тод манлай уяач Д.Онон билээ. Төрийн наадмын анхны айргийг эзэндээ авчирч байсан алдарт хүрэн халзан, аварга хээр гээд олонд цуутай хүлгүүдийг нь манай уншигчид андахгүй.

Энэ жилийн улсын наадмын азарганы уралдаанд түүний хүү О.Батболдын хээр аман хүзүүдэж, Монгол Улсын манлай уяач О.Батбилэгийн зээрд айргийн гуравт хурдалсан юм.

Хурдан азарга барианд орсны дараахан морь уях эрдэм ухааныг нь өвлөж яваа хоёр хүүгээрээ бахархан, баярлаж суугаа тод манлай уяач Д.Ононтой уулзаж, ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.


-Уяа эвлэг, морьд хурдан, сайхан наадаж байна уу, та?

-Сайхаан. Сайхан наадаж байна уу?

-Сайхан наадаж байна. Юуны өмнө төрийн наадмын адуун сүргийн манлай азарганы уралдаанд хоёр сайхан хурдан буянаа айрагдуулсанд баяр хүргэе.

-Баярлалаа. Хоёр хүүгийн маань азарганууд сайхан давхиж, айрагдлаа. Өдий хүртэл хөдөлмөрлөж, угшил сайтай адуу бий болгосныхоо үр шимийг хүртэж сууна даа. Морь удмаараа давхидаг. Угшил сайтай адуу бусдаасаа арай ондоо байдаг шүү.

Миний хувьд айраг түрүү авсан гэхээсээ илүүтэй хүүхэд, морь эсэн мэнд ирсэн, ямар нэгэн будлиангүй болсон наадам л хамгийн сайхан. Улсын наадмаас анхны айргаа хүртэж байснаас хойш чамгүй олон жил өнгөрчээ.

Энэ хугацаанд улс, бүсийн наадмаас олон түрүү, айраг авлаа. Одоо ч хэр баргийн түрүү, айргийг тоохоо байж дээ (инээв).

Энэ жил бороо хур багатай, газрын гарц гандуу байгаа ч төрийн наадам сайхан болж байна. Наадамчин олны сэтгэл санаа тэнэгэр байгаа бололтой.


-Барианы зурхайд хоёр азарга чинь зуузай холбон орж ирэх мөчид сэтгэл догдолж байсан нь дамжиггүй.

-Тэгэлгүй яах вэ. Төрийн наадамд унаган хүлгээ айрагдуулах шиг жаргал уяач хүнд ховорхон болов уу.

-Та өмнө нь ингэж нэг насанд олон морь айрагдуулж байв уу?

-Бүсийн наадамд гурван азаргаа эхний гуравт, “Их хурд” уралдаанд гурван буянаа айрагдуулж байсан. Ингэж нэг наадамд олон морь айрагдуулах нь уяач бүхэнд заяагаад байдаггүй ховорхон хувь, хишиг л дээ.

Насаараа морь малтай ойр явсны маань, эцэг өвгөдийн буян заяа түшиж явдгийн ач ивээл байх даа.

-Тан шиг хашир уяачид хоёр азаргаа өнгөнд давхих болов уу гэсэн багцаа бол байсан биз?

-Энэ жил уяа сойлго нь сайхан таарсан, өнгөтэй байсан болохоор лавхан айрагдчих болов уу гэж барагцаалж байлаа. Нэг их хол зөрсөнгүй ээ.

Энэ хоёр чинь хоёулаа хавчиг шүд нь гарчихсан соёолон үрээнүүд. Наадмын өмнө хурдан морины комиссынхонд шүдийг нь үзүүлж, зөвшөөрөл авч байгаад уралдуулсан.

-Танай уяан дээрээс мордуулсан Д.Сугарын хул азаргыг айрагдчих болов уу гэж олон хүн таамаглаж байлаа.

-Хул азарганы хөл муу байгаа. Хавчих жил нь азарга хөлнийх нь дотор талын шөрмөсийг тас хазчихсан юм. Үүндээ жилээс жилд улам их эмзэглээд байгаа.

Хөлөнд нь өвчин намдаах тариа хийгээд, уралдуулдаг. Гэтэл энэ жил тариа нь тасарчихсан.

Хөлөндөө эмзэглээд нэг их сайн давхисангүй. Гэхдээ шандастай хүлэг гэсэндээ 13-т давхилаа.


-Энэ жил зуншлага тааруу, хаа сайгүй гандуу байна. Ийм жил морийг яаж уявал зүгээр байдаг вэ?

-Би энэ жил их сунгаа ерөөсөө хийгээгүй. Давхил нь илүүдчих болов уу гэж эмээсэндээ тэр. Ганцхан би гэлтгүй манай эндхийн уяачдаас их сунгаа хийсэн хүн бараг байхгүй.

-Хамгийн чухал зүйлийн нэг бол уралдааны өмнөх өдрийн хоолыг нь тааруулах. Жаахан алдаа гаргахад л бүтэн жилийнхээ хөдөлмөрийг салхинд хийсгэх эрсдэлтэй байдаг шүү дээ. Та ер нь яаж тааруулдаг вэ?

-Хөлсийг нь сайн анзаарах хэрэгтэй. Хур бороо ихтэй, ногооны гарц сайтай жил морины хоол хурдан шингэдэг. Хүн байцаатай хуурга идвэл хурдан, будаатай хуурга, цуйван идвэл арай удаан шингэдэг шүү дээ.

Яг үүнтэй адил. Сэтгэлийг нь сайхан тогтоож чадвал хоол нь тогтдог. Гэдсийг нь сайхан засах хэрэгтэй. Ингэж чадвал уралдааны өмнөх өдөр хоолны тал дээр санаа зовох асуудал бараг гардаггүй.

-Эцэг мал болоод ч тэр үү азарганы уяаг тааруулах хамгийн хэцүү гэж уяачид ярьдаг. Залуу уяачдад арга, туршлагаасаа хуваалцаач?

-Азарганы уяаг тааруулах тун шаггүй шүү. Юун түрүүнд ороог нь эрт гаргах нь чухал. Сая айрагдсан хээр азарга гүү хураасан. “Янзага” зээрдэд нь хураалгаагүй. Хээрээсээ арай тамир дутуу байгаа нь мэдрэгдэж байлаа.

Уг нь “янзага” зээрд азарга хээрээсээ холын хурд сайтай. Цаашдаа тун сайн азарганууд болох шинжтэй.

-Гүү хураалгахаар тамир сайн суудаг гэсэн үг үү?

-Мах нь сайхан задраад, тавирдаг. Тэгэхээр тамир тэнхээ суугаад, хэр баргийн моринд бярдуулахааргүй болчихдог.


-Энэ хоёр таны ямар азарганы чинь төл билээ?

-“Янзага” зээрдийн ээж, хээр азарганы эцэг миний сэртгэр зээрд азарганы төлүүд. Манай сумын манлай уяач Дашийн саарал азарганы цус нэлээд орсон хүлгүүд л дээ.

-Таны хоёр азарга харваас сайхан монгол морьд байна. Харин өчигдөр хязаалан насанд түрүүлсэн Ө.Пүрэвбаатарын зэгэл үрээг эрлийздүү юм байна гэж наадамчин олон хардаж байна лээ. Таны хүү уясан шүү дээ.

-Түүний зэгэл үрээ 1989 оны төрийн наадамд түрүүлсэн будан буурал азарганы удмын хүлэг л дээ. Харин эхийн талд нь “Морин тойруулга” угшлын цус хоёр удаа орчихсон юм байна лээ.

-Та адууныхаа үүлдэрт хэдэн оноос анхаарч эхэлсэн бэ?

-Монголчууд малынхаа үүлдэрлэг байдлыг сайжруулахын тулд үхэртээ 8-9 төрлийн цус сэлбэсэн байдаг. 1960-1970-аад оны үед төр засгийн бодлогоор адууны үүлдэр угсааг сайжруулж, тойруулга угшлын адуу бий болгосон шүү дээ.

Сүүлийн жилүүдэд уяачид гаднаас ганц нэг азарга авчирч, адууныхаа үүлдэрлэг байдлыг сайжруулж байна. Уяач бүхэн адуундаа цус сэлбэж, Э.Эрдэнэчулууны шарга, Г.Тэмүүлэнгийн халтар шиг хурдан ажнайтай болохыг мөрөөдөж байгаа.

Би 1992 онд Налайхад морь уядаг байлаа. Тэр үеийн уралдаануудад Гарамжав гуайн тойруулга угшилтай морьд эхэнд, минийх ард нь айрагддаг байсан. Тэр жилийн намар тойруулгаас хэдэн морь худалдан авснаар цусыг нь сэлбэсэн адуу арай ондоо гэдгийг мэдэрч эхэлсэн л дээ.

Одоо гайгүйхэн хурдалж байгаа, цэвэрхэн биетэй морьдоо уяач болгон тойруулга угшилтай гэж хэлж байгаа биз дээ. Адууныхаа удам угшлыг сайжруулахад буруудах юм ер байхгүй.

-Зарим хүн үүнд шүүмжлэлтэй ханддаг. Монгол морийг эрлийзжүүлэн “Шинэ цагийн монгол адуу” гаргаж байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Үүнийг хүн болгон эсэргүүцээд байгаа юм биш. Цус сэлбэсэн морь нь давхихаа байсан, гал нь тарчихсан хэдхэн уяачид л эсэргүүцээд, ийм юм яриад яваа.

Эрлийз морийг хасчихвал миний морь түрүүлнэ энэ тэр гээд л. Нөгөө талаар улс төр ороод байна. Наадамчин олонд таалагдах гэж хүн алахаас буцахгүй байна шүү дээ. Эцсийн эцэст адуундаа үржил хийсэн хүн хэзээд хожно.

Хурдан адууг байгаль бүтээдэг юм шүү дээ. Зүүн аймгуудын адуу яагаад хурдан байдаг вэ гэхээр газар нутгийнхаа онцлогтой холбоотой. Тал хээрийн бүсэд төрсөн унага эхээс төрсөн цагаасаа хойш сарваа болтлоо өрөөлдөж байгаад өвс идэж, ус уудаг.

Тэгэхээр хар сээр, мундаа нь хойшоо болж яс нь бэхэждэг. Далных нь налуу хойшоо болж, суга нь илүү тэнийдэг. Энэ мэтчилэн нарийн зүйлийг уяач болгон сайн мэдэхгүй. Тэрнээс биш монгол адууг эрлийзжүүлж, тэсвэр тэвчээр муутай болгоод байгаа юм байхгүй.

Хурдан адуутай болох нь уяач бүхний мөрөөдөл. Энэ мөрөөдөлдөө хүрэх хамгийн зөв арга бол үүлдрийг нь сайжруулж, цус сэлбэх.

-Орон нутгаас төрийн наадмыг зорьж ирэх уяачид жилээс жилд цөөрөөд байна уу даа гэж анзаарагддаг. Энэ нь “Том уяачдын морь түрүүлэх байлгүй. Эсвэл монгол морьдтой уралдсан эрлийзүүд нь өнгөлөх байх” гэсэн бодол зарим уяачид төрдөг болсонтой холбоотой болов уу.

-Баруун аймгийн морьд төрийн наадамд уралдаад барагтай л бол айрагдаж чадахгүй. Би улсын наадамд барилдвал нэг давж чадах уу. Яг үүнтэй адилхан. Тэр уяачид өөрсдийнхөө хэр хэмжээг, мориныхоо багцааг мэдэж байна гэсэн үг шүү дээ.

Сумын наадамд 2-3 км тасархай түрүүлж байгаа морь төрийн наадамд эхний аравт багтаж магадгүй. Сүхбаатар аймгийн наадамд нэг км гаруй тасархай түрүүлсэн морь энд айрагдах нүхтэй.

-Таны бодлоор морины хамгийн дээд шинж юундаа байдаг вэ?

-Толгой, магнай, шүдэндээ байдаг. Гэхдээ эцсийн эцэст хамгийн чухал нь удам шүү дээ. Сайн хүний үр, сүүт гүүний унага гэдэг чинь ортой үг шүү.

-Миний морийг шинжээд өгөөч гээд хөтлөөд ирвэл та хамгийн түрүүнд юуг нь харах вэ?

-Өөртөө арай жаахан урт чацтай юм даа гэж харагдсан морь хурдан байдаг. Тийм морь шонтгор мөр нь дээшээ, дал нь хойшоо байдаг байхгүй юу. Дахиад хэлэхэд ямар нэгэн шинжээс илүүтэй хурдан моринд хамгийн чухал чанар бол удам.

-Зарим хүн азарга, гүү хоёрыг сайн тохируулж чадвал хурдан хүлэг гардаг гэлцэх юм билээ. Энэ хэр үнэний ортой үг вэ?

-Үүн шиг худлаа юм байхгүй. Удам сайтай бөгтөр гүүтэй байлаа гэхэд гэдгэр азарга тавиад дундаас нь гайгүйхэн хүлэг гаргаж авна гэдэг бол боломжгүй зүйл. Адууны угшил гүүгээр сайжирдаг.

Хурдан азарганд муу гүү тавибал азарганы нэрийг хугалахаас биш сайн төл авч чадахгүй. “Миний гүүн дээр бух харайсан ч гайгүйхэн юм гарна” гэж монголчууд хэлдэг шүү дээ. Яг үүн шиг удам сайтай гүүнээс л хурдан унага гардаг.

-Та 1989 оны улсын наадамд алдарт хүрэн халзан морио аман хүзүүнд давхиулж, анхны айргаа хүртэж байсан. Тэр цагаас хойш хэдийнэ 26 жил өнгөрчээ. Моринд хайртай монголчууд бид хурдан морь барианы зурхайд орж ирэх мөчид өөрийн эрхгүй сэтгэл догдолж, самсаа шархирдаг. Унаган хүлэг нь түрүүлж ирэхэд уяач хүний сэтгэл ямар их догдолдогийг үгээр илэрхийлэмгүй санагдаж байна.

-Ээ дээ, сайхан шүү. Олон хүлгийн тоосон дундаас ганцаараа торойсоор өнгөнд гарч ирэхэд өөрийн эрхгүй сэтгэл догдолж, их сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Миний халзан морь мөн үү гэж дахин, дахин дурандаад л.

Тэр үед юм үзээгүй, залуухан уяач байсан надад төрийн наадамд морь айрагдуулах биелшгүй мөрөөдөл мэт санагддаг байлаа. Халзан морь аман хүзүүнд давхисны дараа өөрөө өөртөө итгэж өгдөггүй ээ.

Өдий хүртэл олон наадмын дов үзлээ. Эдэн дундаас төрийн наадмын анхны айргаа хүртсэн тэр жилийн наадам санаанаас гарамгүй хамгийн сайхан дурсамжийг өнөөг хүртэл өртөөчилж, сэтгэлд тодхон үлдэж дээ.

-Халзан морийг таны том хүү Батбилэг унаж байсан. Аав, хүү хоёр хамтдаа төрийн наадмаас анхны айргаа хүртэж байсан нь илүү бэлгэшээлтэй санагддаг байх.

-Тэгэлгүй яах вэ. Улсын наадмын анхны айргаа хүүтэйгээ хамт хөдөлмөрлөж, хамтдаа авсандаа одоо ч гэсэн бахархаж, бэлгэшээж явдаг. Энэ айраг маань их сайхан булган сүүлтэй байж, улс бүсийн наадмаас авсан олон түрүү, айргийн эхлэл болсон.


-Батбилэг энэ жил Улсын манлай уяач болсон. Аавынхаа залгамж халааг авсан сайн уяач болох нь дээ?

-Миний хоёр хүү хоёулаа бага наснаасаа морь малтай ноцолдож өссөн. Том хүү маань энэ жил улсын цол авсанд эцэг хүний хувьд их бахархаж байгаа.

-Эцэг бүхэн өөрийн хүрч чадаагүй оргил, гаргаж чадаагүй амжилтаа хүүгээрээ гүйцээлгэхийг хүсдэг шүү дээ. Таны хоёр хүү хэр сайн уяачид болох бол?

-Цаашдаа шаггүй сайн уяачид болох байх аа. Уяач хүн бүтэн жил нойртой нойргүй, хоолтой хоолгүй явсныхаа үр шимийг наадмаар хүртдэг шүү дээ. Миний хоёр хүү энэ жилийн наадамд хоёр сайхан хурдан буянаа айрагдуулж, наадамчин олноо баясгалаа. Эцэг хүний жаргалыг эдэлж сууна даа, ах нь.

-Хэдхэн мөчийн дараа их насны морьд гарааны зурхай руу хөдлөх гэж байна. Танай уяанаас хэдэн морь мордох вэ?

-Хоёр морь уралдуулна. Морь, хүүхэд хоёр маань л эсэн мэнд ирж байвал болоо доо. Одоо ч залуугийнх шигээ түрүү, айраг авах юмсан гэж шунахаа больчихож дээ.

-Таны бодлоор хэн, хэний морьд өнгөнд давхих бол?

-Аль нь ч айрагдаж мэдэхээр хэд хэдэн сайхан буянууд байна. Одоо ч урьдчилан хэлэхэд бэрх байна шүү (инээв). “Макс”-ын Д.Ганбаатарын шарга, Билэгдэмбэрэлийн хүрэн лав айрагдчих болов уу.

Энэ жилийн бага, дунд сунгаанд тун хурдтай байсан. Аймгуудаас ирсэн довтой хурдан хүлгүүд байгаа байх аа.

Сүүлийн асуултыг хашир уяачаас зорин байж асуусан юм. Тэрбээр 1995 оны улсын баяр наадмын их насны морьдын уралдааны өмнө Монгол Улсын манлай уяач Батчулуунд “Чиний халзан морь түрүүлэх нь тодорхой. Миний хүрэн халзан морь таван адууны ард орох юм байна” гэж хэлж байсан гэдэг.

Хашир уяачийн хэлснээр Батчулуун манлайгийн халзан морь түрүүлж, түүний халзан морь зургаад давхиж байсан билээ.

Энэ жил ч бас түүний таамаг хол зөрсөнгүй. Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын шарга морь айргийн гуравт хурдалсан юм.

Б.БУЯНДАЛАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.170.69.58 Ийм шунал байдаг бол би ч гэсэн чаддаг бол шунахсан.Даанч санаа байгаад сачий хүрдэггүй ээ.Онон Даваахүү гээд олон мундагчуудаар хичээл заалгадаг болохсон.
202.131.234.243 Өнөө цагийн мундаг уяачдын нэг дээ. Аргагүй л мундаг хүн гэсэндээ арай өөр юм ярьсан байна шүү.
202.131.234.243 Гоё ярилцлага болжээ, Онон ахдаа амжилт хүсье.
122.201.24.180 Сайхан ярилцлага байна.Ахынхаа гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсье амжилт.
202.131.225.197 mongol ch bai, erliiz ch bai, hurdan moril bol mori shvv. bid nar medeh bishdee ymar estoi morioo uyanuu iljigee uyanuu ter hvmuus.n hereg.
103.229.121.116 Ystoi munsag hun shu
150.129.141.54 Uls turiinhun uursduu americaas ongotsoor aduu achirch bhad uursduu ch ongotsond suuj uzeegui malchin ard yaj edentei uraldah yum be.tur zasgaas eniig ni demjeed erliiz moriddiin uraldaan geed gargaad ugch bhad uhamsaraaraa erliizdee uraldana bizdee.tiim l hurdan yum bol tendee uraldchihgui novshrood
150.129.141.54 Uls turiinhun uursduu americaas ongotsoor aduu achirch bhad uursduu ch ongotsond suuj uzeegui malchin ard yaj edentei uraldah yum be.tur zasgaas eniig ni demjeed erliiz moriddiin uraldaan geed gargaad ugch bhad uhamsaraaraa erliizdee uraldana bizdee.tiim l hurdan yum bol tendee uraldchihgui novshrood
202.131.225.197 uursddu erliiz hytad hvmyys bndoo
202.131.225.197 muusain mori medehgvi nohoinuud min duugvi bna. comment bicheed bga garuud uursduu erliiz hyatad hvn shdee
103.229.121.39 Онон дандаа эрлийз адуугаар л нааддаг хун ш дээ
180.149.78.22 Онон гуай та терийн наадмаар эрлийз уралдуулж бизнес хийдгээ болимоор юм
180.149.78.22 Онон гуай та терийн наадмаар эрлийз уралдуулж бизнес хийдгээ болимоор юм
180.149.78.22 OkТаны хариулт ...
  • 2015 оны 08 сарын 19
180.149.78.22 chi yugaa medeh ym t1 batsaanaa
  • 2015 оны 07 сарын 21
112.72.11.113 Tsus selbehgui bol heden aduu n tsus oirtoj guitslee. Tsus selbehed buruudah ym baihgui.
202.70.43.186 Onon guyi ta aguu mundag xvn l de gex dee ner turuu bodoj saixan mongol aduutai gadaad aduu yralduulaxaa bolimoor l bna da