ИДЭР АРСЛАНТАЙ ДЭВЖЭЭ, ИЖИЛ УУХАЙТАЙ ЗУРХАЙ, ДАРХАН ТҮМЭН ЭХТЭЙ НААДАМ

2015 оны 07 сарын 16

Монгол наадам өндөрлөж, уухайн дуу, хүүхдийн гийнгоо алсарч байгаа ч наадмын сонин сайхан жилээ даахаар баялаг байлаа. 22 настай шинэ арслан эр бяраа гайхуулж, ирэх жилүүдэд наадамчин олноо цэнгүүлэх нь. Түүний даваа бүр сэтгэл огшоож, баярын дараа ч Монгол Улсын арслан Э.Оюунболдын тухай, түүний бага нас, амжилт ололтын түүхийг мэдэх гэсэн эрэлхийлэл үргэлжилж байна. Идэр залуу арслан манай сонинг онцлон ярилцлага өгснийг баасан гаригийн дугаартаа бид нийтлэх болно. Басхүү 29 жилийн дараа хүсэн хүлээсэн хошой мэргэн цолоо хүртсэн харваач бүсгүй ханьтайгаа нэг жил халх сурын харваанд түрүүлж, удам дамжсан уяачдын азарга ар араасаа алтан жолоогоо өргүүлсэн гээд холбох сонин, хуучлах түүх зузаарсаар наадмын тав хоногийн амралт дууслаа.

Төв цэнгэлдэхийн торгон ногоон дэвжээ, Хүй долоон худгийн дэнжид очиж, бас цэнхэр дэлгэцийнхээ өмнө айргаа шимэн наадмын уухайд түрлэг нэмсэн түмэн энэ жил анх удаа Төрийн тэргүүнээрээ төлөөлүүлэн Есөн хөлт цагаан тугандаа мэхийн ёсоллоо. Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол наадам бол монгол зоны туулсан түүх, бүтээсэн соёл, ухаарсан мэдлэгийн охь юм. Монголчууд бид бахархлыг бадрааж, золбоо хийморийг хайрладаг монгол наадмаараа үгийн сайныг хэлэлцэн, дээлийн шинээр гоёж баярладаг билээ. Монголын наадам өдгөө дэлхийн наадам болж, холын газар, усны уртаас олон хэлийн зочид морилон саатаж, монгол соёлыг гайхан биширч байна” хэмээн онцолсон.

Үндэсний бахархлыг бадраасан монгол наадмыг үзэхээр ирсэн алсын гийчдийн дунд Холливудын од Стивен Сигал гэргийн хамт багтаж, “хүргэн хүү” гэж түүнийг өөриймссөн монголчууд олон нийтийн сүлжээгээр зургийг нь тарааж байсан нь энэ наадмын нэгэн сонин байв. Холын гийчдийг хуралдуулж, хотол олноор нь цэнгүүлсэн монгол наадмын хурдан морины уралдааны үеэр хүүхэд эндэж, бэртээгүй нь хамгийн сайхан мэдээ байв. Цэнгэл баярын уухайн дууг сэтгэл зовнилгүй хадаах нэгэн түүх 2015 онд тохиосон нь энэ буюу. Айрагдсан морьдын дунд эрлийз, монгол гэсэн маргаан дэгдэж, энэ жилийн зүүний магнайд гарахаар ард түмнээ талцуулсан аварга тавын даваанд гурвантаа өвдөг шороодсон ч гэсэн нэг гэр бүлийн хоёр харваач хошой мэргэн, мэргэн цолоо гардан харыг цагаанаар, тааруу мэдээг сайнаар сольсон нь таатай. Найдлага төрүүлсэн улсын цолтнууд хоёрын даваанд олноороо бүдэрч, шинэ залуу начин, харцага, арслан монгол бөхийн дэвжээнд тодорч, түмнийг уухайлуулсан Төрийн наадам сайхан боллоо.

ТҮҮХЭЭ БАЛЛУУРДАХЫГ “ХҮСЭЭГҮЙ” ТӨРИЙН НААДМЫН НЭЭЛТ

Энэ зуны хамгийн халуун өдөр тохиосон Үндэсний их баяр наадмын нээлтэд 2000 гаруй хүн оролцож, XIII зууны түүх, ардын хувьсгал, өнгөрсөн зууны их бүтээн байгуулалт, энэ цаг үеийн эрэлхэг баатар хөвгүүдээ тодруулсан өгүүлэмжтэй тоглолтыг олны хүртээл болгосон. 400 бөмбөрийн нүргээн, 480 гимнастикчийн оролцсон уран хөдөлгөөнт үзүүлэх тоглолттой эл нээлтийн үйл ажиллагааг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг, ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Н.Болд нар найруулсан юм. БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Авьяас” хөтөлбөрийн үр шимийг тодруулж, авьяаслаг багачуудаа бийлгээ хийлгэж, ардын уламжлалаа залуу хойч үедээ өвлүүлснээ энэ үеэр “тунхагласан”. Өнөөдрийн Монголын бий болгосон өнгөрсөн зууны бүтээн байгуулалтыг эргэн дурсаж, ажилчин залуусаа наадмын талбайд “урин дуудсан” нь олон хүнд сонирхолтой санагдсан байв. Хэтэрхий хуучинсаг өнгө аястай боллоо хэмээн наадмын нээлтийн тоглолтыг зарим хүн шүүмжилж байгаа ч эдийн засгийн хямралтай жил 100 сая хүрэхгүй төгрөгт багтаан энэ зэргийн нээлт хийсэнд нь харин ч талархмаар.


Санхүүгийн бэрхшээлийг шийдэхэд тусалсан ивээн тэтгэгчээ тодруулж, “Юнител” компанийн логотой хувцсыг гимнастикчид өмссөн нь харин арай л хөөрхийлөлтэй байсныг нуух юун. Дэлхийг байлдан дагуулсан эзэн Чингис хаанаа гэр тэрэгтэй биш юм гэхэд аргамаг хүлэгтэй нь их асартаа залсан бол арай л үзүүштэй байсан болов уу. Хоёр өөр өнгө аяс, үзэл бодолтой найруулагчийг нэг арга хэмжээнд хамтран ажиллахыг даалгаж, бага төсвөөр ихийг бүтээлгэж, хүн бүрийн хүслийг гүйцэлдүүлэх гэж улайрснаас наадмын нээлтэд сэтгэл дундуур байсан хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байгаа нь харагдсан. Үндэсний их баяр наадмын өмнөхөн дэлхийн сонгодог урлагийн олимп болсон П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны гран при, алтан медалийг хүртсэн, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Cardiff singer of world” уралдааны үзэгчдийн таашаалд нийцсэн дуучнаар тодорсон гавьяат жүжигчин Э.Амартүвшин нарыг наадам нээж дуулахыг хүлээсэн хүн олон байсан.

Тиймдээ ч зохион байгуулах багийнхан хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, анх удаа наадмын талбайд Төрийн дууллыг дуулуулсан юм. Өмнө нь Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид Төрийн дууллын аялгууг эгшиглүүлж, наадамчин олон түрлэг нэмдэг байлаа. Тэгвэл сонгодог урлагийн хоёр алдартан маань ийнхүү Төрийн дууллаа бадаг, бадгаар нь хуваан дуулж ард түмнийхээ хүслийг гүйцээсэн юм. Мөн “Asia’s got talent” шоуны дэд байрт шалгарч, Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлсэн “Хөсөгтөн” хамтлагийнхан нь наадмын нээлтийн тоглолтод хүндтэй байр эзэллээ. Ямартай ч хүн бүрийн хүслийг гүйцээж, юм бүрийг багтаах гэсэн зорилгоо Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссынхон гүйцээсэн. Гэсэн ч аливаа уран бүтээлд утга авцалдаа байдаг гэдгийг хойшдоо тооцоолж, мэргэжлийн уран бүтээлчдийн үгийг анхааран сонсож байвал араас нь дагах шүүмжлэл бага байхыг санахад илүүдэхгүй биз ээ.

Харин баяр наадмын өдрүүдэд болсон урлагийн тоглолт, соёлын арга хэмжээ нийслэлчүүдийг баярлуулсан нь дамжиггүй. Нэг сая жуулчныг даллан дуудахаар зориглосон хотын мээр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг санаачилж, олон нийтийг хамарсан соёлын арга хэмжээг цувралаар зохион байгуулсаар байгаа.


Түүний хүчинд төв талбайд Төрийн шагналт Б.Дамдинсүрэн, Б.Смирновын “Учиртай гурван толгой” дуурь тоглож, “Дээлтэй Монгол” наадмыг Үндэсний их баяр наадмын эхний өдөр хийж, “Морин хуур” фестиваль, “Талын бүжиг” үндэсний бүжгийн наадам, рок поп болон жааз дуучдын тоглолт боллоо. Нэгдсэн арга хэмжээ долдугаар сарын 14 хүртэл үргэлжилж, тав хоногийн амралтаасаа уйдах зав олонд тохиосонгүй.

БӨХ


Хан Хэнтий нутаг улсын арслан өлгийдлөө

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн төрийн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр тэргүүтэй аваргууд, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, Д.Мөнх-Эрдэнэ нарын долоон арслан, Б.Гантогтох, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нарын долоон гарьд, Ч.Санжаадамба, Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, Д.Бумбаяр, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир нарын 11 заан, Л.Пүрэвжав, Г.Элбэг, Г.Ганхуяг, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нарын 20 харцага, Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр, Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Р.Пүрэвдагва нарын 37 начин хүч үзэн барилдлаа.


Наадмын өмнө зүүний магнайд хэн гарах вэ гэдэг асуулт бөх сонирхогчид, үзэгчдийн анхаарлыг зүй ёсоор татаад байсан. Тэгвэл наадмын өмнөх өдөр дархан аварга А.Сүхбат зодоглохгүй гэдгээ мэдэгдэж энэ асуудал шийдэгдсэн юм. Улмаар дархан аварга Г.Өсөхбаяр зүүний магнайд гарав. Бөхийн барилдааны хоёрын даваанд улсын цолтой 19 бөх өвдөг шороодсон юм. Тухайлбал, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Г.Батбаяр, Т.Амартүвшин, Батболд, улсын начин Б.Баянмөнх, Ч.Цогбаяр, Ц.Лхагвасүрэн, Д.Олзгэрэл, Б.Баянжаргал, Ц.Цогтжаргал, Б.Сугаржаргал, Б.Сумъяа, С.Батсуурь, Л.Лха-Очир, М.Эрдэнэбат нар өвдөг шорооджээ. Өнгөрсөн намраас хойш Бөхийн өргөөнд болсон барилдаанд амжилттай сайн барилдаж байсан Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, улсын залуу начин Л.Лха-Очирыг бөх сонирхогчид цолоо ахиулах бөхчүүдийн нэг хэмээн үнэлж байсан билээ.


Гурвын даваа улсын харцага цолтой бөхчүүдэд тун халгаатай байлаа. Энэ даваанд улсын харцага цолтой Хөвсгөл аймгийн УлаанУул сумын харьяат Г.Элбэг, Увс аймгийн Улаангом сумын харьяат Ө.Бат-Орших, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Г.Ганхуяг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Т.Өсөх-Ирээдүй, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Т.Мөнгөнцоож, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Т.Амартүвшин, Увс аймгийн Тэс сумын харьяат Э.Батбаатар, Увс аймгийн Сагил сумын харьяат А.Бямбажав, Ховд аймгийн Мянгад сумын харьяат Г.Алтангэрэл нар өвдөг шороодсон юм. Эдгээр найман улсын харцагаас Ө.БатОрших, Т.Өсөх-Ирээдүй нарыг бөх сонирхогчид их, дунд шөвөгт хүч үзнэ хэмээн таамаглаж байсан.

Ө.БатОрших Архангайн У.Батгэрэлийг амлаж буруудсан бол Т.Өсөх-Ирээдүй Говь-Алтайн Д.Тангадын мэдрэмжтэй, дайчин барилдаанд өвдөг шороодов. Жил жилийн наадмын дөрвийн давааны оноолт тун хатуу болдог. Энэ л даваанд том цолтон өвдөг шороодож, наадмын таавар будилдаг жамтай. Энэ жил улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Д.Анарын шийдсэн мэхэнд өвдөг шороодлоо. Мөн улсын арслан Д.Азжаргал дархан өхийлдөх мэхээ дутуудуулж, аймгийн арслан Д.Энхбаярт унасан бол аймгийн арслан Б.Тайван улсын гарьд Д.Рагчааг тойгдоод, аймгийн арслан О.Хангай улсын гарьд Ш.Жаргалсайханыг мордож дайраад, аймгийн арслан Бо.Батжаргал улсын заан Б.Сайнбаярын хөлд харваж ороод, аймгийн арслан Ч.Ганзориг улсын заан М.Өсөхбаярыг хагалж татаад, аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр улсын харцага Б.Пүрэвсайханыг сугадаж тахимдаад, аймгийн хурц арслан А.Алтанхуяг улсын харцага Н.Түвшинбаярын мэхийг хариулаад давсан барилдаанууд үзэгчдийн урмыг сэргээсэн юм.

СУРЫН ХАРВАА

ХАРВААЧИД ЦӨӨРСӨН Ч ЧАНСАА ӨНДӨР БАЙВ

Энэ жилийн баяр наадам ирэх жилийг хүртэл хуучлах сонин ихтэй, сайхан болж өнгөрлөө. Уухай хадаах монгол наадам урианхай сурын харваагаар эхэлдэг уламжлалтай. Энэ сарын 7-нд эхэлсэн урианхай сурын харваанд 165 харваач оролцсоноос “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ХХКийн харваач Б.Хатансайхан 28 оноогоор тэргүүлсэн. Урианхай сурын харваанд спортын мастер, спортын дэд мастер тус бүр хоёр төрсөн билээ. Харин буриад сурын харваанд Ховд, Баян-Өлгий, Завхан, Дорнод зэрэг аймаг, нийслэлийн 160 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос эмэгтэй 42, эрэгтэй 120 харваач найман зурхай дээр нумны хүч, сумны хурд, харааны хурцаа уралдууллаа.

Эрэгтэй харваачдаас Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, “Аш-Авгад” ХХК-ийн харваач, буриад сурын хошой мэргэн, олон улсын хэмжээний мастер О.Сүхбаатар найман оноогоор тэргүүлсэн бол Хөвсгөл аймгийн уугуул, “Алтан дуулга” компанийн харваач Ж.Нямдаваа мөн найман оноогоор эмэгтэй харваачдаа манлайллаа. Үндэсний дээлээрээ гоёсон өхөөрд өм балчир үрс сурын харвааны нэг чимэг байв. Балчир насны ангилалд Хөвсгөл аймгийн харьяат, нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Ц.Чилүүгэн тэргүүлсэн бол, охидоос зургаан настай Ц.Сансармаа хамгийн мэргэн нь болов. Харин өсвөрийн харваанд 120 харваач цэц мэргэнээ сорьсноос 29 оноогоор “Өмнөговь Ажнай транс” ХХК-ийн харваач, нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ч.Мөнхболд 29 оноогоор бусдыгаа манлайлж, эмэгтэйчүүдээс Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, Сайншанд хотын V сургуулийн сурагч М.Оюунзул нэгд үгээр байрт шалгарав.


Хурсан олны цээл уухайн дор тун ширүүхэн өрсөлдсөн халх сурын харвааны шилдгүүд энэ сарын 12-нд тодорсон. Халх сурын харваанд 350 харваач цэц мэргэнээ сорьсноос анх удаа гэр бүлийн хоёр улсын наадамд түрүүлсэн нь онцлог байв. Сур харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын мэргэн С.Энхтунгалаг 40 сум тавьж, 36 онон, хошой мэргэн болсон бол түүний нөхөр, спортын мастер Б.Батбаатар 40 сумнаас 35 онож, улсын мэргэн харваачийн тоог нэгээр нэмлээ. Шилдэг таван харваач Төв цэнгэлдэх хүрээлэнд саатаж, өргөмжлөл, медалиа хүртэн, түрүүлсэн хоёр мэргэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарын бэлэг гардуулав. Энэ үеэр 29 жилийн дараа мэргэнийхээ цолыг дахин баталсан С.Энхтунгалаг “Бүх харваачийн маань сайхан энерги манай гэр бүлийг ивээж, хань минь улсын мэргэн, би өөрөө мэргэнийхээ цолыг 29 жилийн дараа дахин бататгалаа.

Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Намайг энэ сайхан спортод хөтөлж оруулсан багшдаа их баярлаж байна. Алтан шар зурхайдаа мөргөе. Бүх харваач, тэр дундаа намайг байнга ирлэж, хурцалдаг эмэгтэй харваачдадаа баярлалаа. Манай алтан шар зурхайд олон сайхан эмэгтэй харваач төрөх болтугай” гэв. Мөн тэрбээр түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан бөгөөд нөхрийгөө мэргэн болоосой гэж хамгийн их хүссэнээ ярьсан юм. Түүнийг улсын хошой мэргэн болохын өмнөхөн нөхөр Б.Батбаатар нь мэргэн цолны болзол хангасан билээ. Тэрбээр эхнэрээ хошой мэргэн болоосой хэмээн залбирч суусан гэдэг. Тэдний хүсэл биелж, улсын их баяр наадамд анх удаа нэг гэр бүлийн хоёр түрүүлсэн онцлог үйл явдал болов. Алтан шар зурхайдаа анх танилцаж, нэг нэгнээ олж харсан тэдний үр удамд ч харваач бий гэнэ.

1996 онд улсын мэргэн болсноос хойш, гурван хүүхдээ төрүүлж, зургаан жил гаруй завсарласныг эс тооцвол өдий болтол С.Энхтунгалаг харваач алтан зурхайдаа гарч, нумаа эвшээлгэж, сумаа тавьсаар. Харваачдад УИХ-ын дарга З.Энхболд баяр хүргэсэн юм. Тэрбээр “Жил бүрийн улсын их баяр наадмаар үндэсний сурын харваанд ганцхан төрлийн цол олгож байгаагаас харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барих боллоо. Уг төсөлд улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид “Гоц харваач”, хоёрдугаар байрт орсон харваачид “Гарамгай харваач” цол олгохоор тусгасан талаар болон цаашдаа сурын харвааны төрлийн хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.

Жил бүрийн баяр наадмын сур харваанд 500 орчим харваач цэц мэргэнээ сорьдгоос олонх нь буриад, урианхай, халх төрөлд гурвууланд нь харвадаг. Улсын хэмжээнд 90 гаруй мэргэн цолтон байдгаас 10 гаруй нь Дорнод аймгийн Баян-Уул сумаас төржээ. Өнгөрсөн жилийн халх сурын харваанд 400 гаруй харваач оролцож байсан бол энэ удаа 340 болж цөөрсөн аж. Гэхдээ тэдний олонх нь улсын мэргэн, спортын мастер, дэд мастер гэсэн цол зэрэгтэй харваач байсан нь тооны бус чанарын хувьд өссөн гэж сурын хорхойтнууд онцолж буй. Аймгийн мэргэн цол хүртсэн харваачид дараа жилийн улсын наадамд зэрэглэл ахих дүрэмтэй болсноор хөдөөгийн наадамд хошуурах болжээ.

ӨМНӨГОВИЙН БАГ ШАГАЙН ХАРВААНД АВАРГАА БАТАЛЛАА

Монголчуудын төдийгүй дэлхий дахины бахархал болсон шагайн харваанд Улаанбаатар хот, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон аймгийн 50 багийн 452 харваач оролцлоо. Монгол шагайн харвааг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвөөр бүртгэсэн билээ. Энэ жилийн наадамд Монгол Улсын үлэмж дархан мэргэн 42, дархан мэргэн 24, гарамгай мэргэн 33, мэргэн 28, дэд мэргэнээ 47, харьшгүй мэргэн 12, аймгийн гоц мэргэн 78 оролцов. Энэ нь нийт харваачийн 53 хувь нь цолтой харваач байсныг илтгэнэ. Мөн шагайн харваанд БНСУ, Швед, АНУ-д ажиллаж, амьдардаг монгол харваачид ирж цэц мэргээ сорьсон нь тэмцээнийг улам сонирхолтой болгов. Улсын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг 16 хожиж, нэг хожигдсон амжилтаараа түрүүлж, аваргаа баталсан юм.

Харин үлэмж дархан мэргэн Б.Шинэбаяр ахлагчтай Улаанбаатар хотын “Уран ган” баг удааллаа. Шагайн харваачдын хамгийн ахмад нь Дундговь аймгийн харьяат, 91 настай Д.Санжаагэндэн байсан бол хамгийн залуу нь 12 настай М.Отгонболд хүү. Тэрбээр таван настайгаасаа эхлэн шагай харвасан бөгөөд Өсвөрийн шагайн харваачдын УАШТ-ий зургаан удаагийн аварга. Шагайн харвааны ерөнхий шүүгч Б.Алтанхуяг “Жилээс жилд шагайн харваа тэмцээний цар хүрээ өргөжихөөс эхлээд харваачдын оноо өндөр байна. Шинэ дүрмийн дагуу тэмцээн шударга, сайхан явагдлаа. Монголын шагайн харвааны холбоо үндэснийхээ нэг бахархлыг гадаадынханд сурталчлахад илүү анхаарч ажиллаж байгаа. Монголын шагайчдын хамгийн өндөр цол нь Үлэмж дархан мэргэн. Ийм цолтой 42 харваач энэ жилийн наадамд цэц мэргэнээ сорилоо” гэв.


МОРЬ

Архангай, Говь-Алтай, Төв аймгийнхан одтой сайхан наадлаа Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан уламжлал ёсоор Хүй долоон худгийн хөндийд гурван өдөр боллоо. Энэ жил Монгол орны ихэнх нутгаар хур бороо багатай, гантай байсан тул морьдын тамир тэнхээ жаахан тааруу байсан нь энэ үеэр анзаарагдаж байв. Хурдан морины уралдаан хязаалан насны шандсыг сорьсноор эхэлж, газар газраас цугларсан 264 ажнай гарааны зурхайгаас эргэснээс Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал магнайдаа тоос хүргэлгүй түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныг баясгалаа. Энэ хурдан буян шүдлэн насандаа улсын баяр наадамд аман хүзүүнд давхиж байсан юм. Харин энэ жил аман хүзүүнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул П.Одонбаатарын халиун үрээ хурдлав.


Айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Алтан-Очирын сартай хүрэн, дөрөвт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Бадраагийн хонгор хязаалан, тавд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан хязаалан давхилаа. Энэ халзан үрээ өнгөрсөн жилийн төрийн наадамд айрагдаж байсныг морь сонирхогчид андахгүй. Хязаалан насны морьд барианд орсны дараа түрүүлсэн, айргийн дөрөвт давхисан морийг эрлийз хэмээн зарим уяач, наадамчид гомдол мэдүүлсэн. Үүнийг Хурдан морины комиссынхон сэрвээний өндөр, үүлдэрлэг байдлыг нь дахин шалгаж үзээд олонхийн саналаар хэвийн гэж үзэхээр болсон юм. Мөн хязаалан насны морьдыг шүдэлж байх үед 42 морины хүүхдийг хамгаалалтын хувцас, хэрэглэлээ бүрэн өмсөөгүй хэмээн хассан.


Гэтэл дээрх морьдын уяачид үүнийг нь үл тоон гарааны зурхайгаас нэг км-ийн наанаас бусад морьдтой хамт нийлүүлэн уралдуулсан нь нэлээд будлиан тарьсан юм. Энэ бол баяр наадмын зохион байгуулалт гэхээсээ илүүтэй уяачдын ухамсраас үүдсэн асуудал. Цаашид манай уяачид төрийн наадмаа хүндэтгэж, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж баймаар санагдлаа. Энэ талаар Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга С.Галбадрахаас тодруулахад “Хамгаалалтын хувцас хэрэглэлээ бүрэн өмсөөгүй хүүхэдтэй 42 морийг зурхай руу явуулалгүй, авч үлдсэн юм. Гэтэл ийм юм болчихлоо. Эдгээр морьдыг замын хажуунаас нийлэх үед нь бичлэг хийн, дугаарыг нь тэмдэглэж авсан. Манай уяачид үүн дээр анхаарч, төрийн наадмаа хүндэлж баймаар байна” гэлээ. Шүдлэн насны морины уралдаан ч бас нэлээд будлиантай эхэлж 228 үрээ бүртгүүлснээс эрлийз, унаач хүүхэддээ хамгаалах хувцас бүрэн өмсгөөгүй гэсэн шалтгаанаар 137-г нь хасаж, 91- хэн нь гарааны зурхай руу хөдөлсөн нь хамгийн том дуулиан байлаа. Үндэсний баяр наадмын түүхэнд сүүлийн жилүүдэд 100 хүрэхгүй морь уралдсан тохиолдол энэ болов.


Энэ үеэр олон уяач эрлийз гэсэн нэрийн дор монгол үрээг нь хассанд, бүтэн жилийн хөдөлмөрийг нь салхинд хийсгэсэнд харамсаж буйгаа илэрхийлж байсан юм. Хэл амтай эхэлсэн шүдлэн насны морины уралдаанд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбулганы хонгор үрээ түрүүллээ. Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Д.Хишигжаргалын зээрд халзан хурдалсан бол айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Б.Баярсайханы хүрэн, дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат Б.Баярдоржийн зурвас хүрэн, тавд Ховд аймгийн Мянгат сумын уугуул, З.Мэндсайханы хүрэн тус тус хурдалсан юм. Морины комиссынхон тэдгээр хүлгийн эздэд айрагдсан батламжийг нь гардуулан өгөх үед морио хасуулсан уяачид Хурдан морины комиссын гишүүн Я.Батсүхээс “Бидний морийг ямар шалтгаанаар хассаныг нь мэдэхийг хүсэж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагынхны өмнө сэрвээний өндрийг нь хэмжүүлье. Та бүхний хариуг үндэслэж, шүүхэд хандана” гэсэн юм.

Харамсалтай нь тэд хүссэн хариултаа авч чадаагүй. Я.Батсүх “Уралдааны өмнө бүх морины сэрвээний өндрийг хэмжсэн. Дахиад шалгах боломжгүй. Би хариуцлагыг нь хүлээнэ” гэхээс өөр зүйл хэлээгүй. Сүүлдээ цагдаа нараар хамгаалуулж байгаад байр руугаа орсон юм. Адуун сүргийн манлай азарганы уралдаанд 172 хурдан ажнай уралдсанаас Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар түрүүлж, тод магнай, торгон жолоо өргөлөө. Энэ ажнай даага, соёолон насандаа төрийн наадамд түрүүлсэн хурдан буян. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн уяач О.Батболдын хээр хурдлав. Айргийн гуравт түүний ах О.Батбилэгийн зээрд, дөрөвт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, аймгийн алдарт уяач Т.Болдбаатарын халиун азарга орлоо. Энэ хүлэг өнгөрсөн жил хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Д.Даваахүүгийн хүү Баянбатын хонгор азарганы ард аман хүзүүдэж байсан юм.


Айргийн тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хээр хурдаллаа. Энэ наадамд тод манлай уяач Д.Ононгийн хоёр хүүгийн азарга шууд айрагдсан нь наадамчин олны сэтгэлийн ихэд баясгаж байсан юм. Их насны морины уралдаанд 264 шандаст хүлэг тоосоо өргөснөөс Ховд аймгийн Мөст сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Б.Буяннэмэхийн хээр халзан түрүүллээ. Аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд давхив. Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын шарга, дөрөвт ГовьАлтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар, тавд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, уяач А.Батбаатарын саарал тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа. Наадамчин олны хамгийн их хүсэн хүлээдэг үйл явдлын нэг бол соёлонгийн тоосонд дарагдах.


Энэ жил соёлонгийн тоосонд дарагдаж, хөлснөөс нь адис авах гэсэн хүмүүс морь гарааны зурхайгаас эргээгүй байхад барианы газар хуран цугларч, цахилан цахилсаар барианы зурхайд орж ирэх мөчийг нь сэтгэл догдлон хүлээж байлаа. Энэ жилийн наадамд 257 ажнай бүртгүүлснээс 196 нь уралдаж, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд түрүүлж, наадамчин олноо баясгалаа. Аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Х.Пүрэвдоржийн зээрд хурдалсан бол гуравт Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн хээр, дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Б.Лхагва-Очирын хонгор халзан, тавд Булган аймгийн Могод сумын харьяат Н.Базаргарьдын хээр тус тус хурдалсан юм. Өхөөрдөм хөөрхөн дааганы уралдааныг хүн бүхэн үзэх дуртай. Даага ижил сүрэгтээ яаран яаран, эхийнхээ сүүг санан санан давхидаг гэлцдэг.


Нийт 232 хурдан даага уралдсанаас Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийнх түрүүллээ. Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Б.Бадраагийн хүрэн халзан давхив. Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, М.Ариунбатын хээр, дөрөвт Төв аймгийн Баян сумын харьяат, Монгол Улсын манлай уяач М.Энхболдын хүрэн, Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан, соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнайн хонгор тус тус давхив. Жилийн жилд хурдан морьдыг эрлийз, монгол гэж ялгахад хүндрэл гардаг. Шинжлэх ухаан хөгжсөн өнөөгийн цагт сэрвээний өндрийг нь хэмжиж, үүлдэрлэг байдлыг нь нүдэн баримжаагаар хардаг нь дэндүү болхи арга. Үүнээс болж том биетэй монгол морьтой уяачид эрлийз гэсэн шалтгаанаар хасуулж, бүтэн жилийн хөдөлмөрөөрөө хохирч байна. Монгол морь болгон жижигхэн биетэй биш.

Ялангуяа зүүн аймгийн адуу том биетэй, өндөр чацтай. Ийм морьдыг Хурдан морины комиссынхон таньж, ялгаж чадахгүй байна гэж зарим уяач, наадамчид бухимдалтай байлаа. Ирэх жилээс эрлийз морьдын уралдааныг долдугаар сарын 9-нд хийдэг болъё. Тэгвэл монгол морьтой уралдуулах гээд хасагдчихвал эрлийзтэй нь уралдуулчихъя гэж азаа үздэг уяачдын тоо багасна шүү дээ. Мөн эрлийз гэж эргэлзсэн морьдоосоо цусны шинжилгээ авдаг болмоор байна. Үүнийг ММСУХ-ныхон ажил хэрэг болговол энэ маргаан бага ч атугай багасгаж болмоор санагдав.

БӨХ

Хан Хэнтий нутаг улсын арслан өлгийдлөө

Наадам болгоны өмнө бөх сонирхогчид хэн хэн улсын цолтны эгнээнд багтах, хэн түрүүлэх талаар өөр өөрсдийн таамгаа дэвшүүлдэг уламжлалтай. Өнгөрсөн жил Ш.Жаргалсайхан начин таавар будлиулж аварга, арслангуудыг өвдөг шороодуулсаар шууд гарьд болсон. Харин энэ жил Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын начин Нямаагийн Батзаяа таавар бага зэрэг төөрүүлчихэв.


Үнэн хэрэгтээ түүнийг зургаа давна гэж бодсон хүн тун ховор. Н.Батзаяа начин дөрвийн даваанд улсын начин Ж.Чулуунбатыг орхисон бөгөөд тавын даваанд түүнийг дархан аварга Г.Өсөхбаяр амлаж авсан. Хоёр бөхийн барилдаан үзэгчдийг багагүй бухимдуулсан ч Ховд аймгийн харьяат начин дархан аваргад барьц сонгуулсан ч дагуулж мушгиад өвдөг шороодуулав. Ийнхүү Н.Батзаяа начин цолоо батлан өсөх идэр чимэг авлаа. Гэхдээ тэрбээр ханах болоогүй байж, зургаагийн даваанд түүнийг улсын арслан Н.Батсуурь амласан юм. Начин өнгөрсөн жилийн түрүү бөхийг дунгуйлдаж татан тохойлдуулснаар улсын харцага цолны болзол хангалаа. Өнгөрсөн намраас хойш Бөхийн өргөөнд болсон барилдаан бүрт үзүүр, түрүү, их шөвөгт үлдэж хүч үзсэн Н.Батсуурийг зургаагийн даваанд тахимаа өгнө гэж бодсон хүн цөөн байсан биз. Харцагын болзол хангаж, таавар төөрүүлсэн Ховдын начин зааны даваанд улсын арслан Н.Бүрэнтөгсийн мордох дархан мэхэнд унасан юм.

Хүчит бөхийн барилдаанд найман аймгийн арслан цолтой бөх тав давж, улсын начин цолны болзол хангасан бөгөөд эдгээр найман бөхөөс Б.Одгэрэл ганцаараа зургаа давж улсын харцага болсон юм. Ийнхүү долоон шинэ улсын начин цолтон төрсөн. Шинэ начингууд бүгд л заалны барилдаанд сайн барилддаг залуус байсан тул бөх сонирхогчид ам сайтай байлаа. Эдгээр аймгийн арслангаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Алтангэрэлийн Алтанхуяг олон жил улсын цолд зүтгэсэн билээ. Тэрбээр өмнө нь улсын баяр наадамд гурван удаа дөрөв давж, начин цолны босгонд тулж очсон хүчтэн. Тэрбээр энэ жил дөрвийн даваанд улсын харцага Н.Түвшинбаярыг өвдөг шороодуулан начин цолны даваанд дөрөв дэх удаагаа гарахаар болсон. Тавын даваанд түүнийг Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга Сүхбаатарын Мөнхбат амлахад олон хүн аварга Алтанхуягийг үлдээчихгүй хэмээн харуусаж байв.

Залуу аварга ч А.Алтанхуягтай үнэн хүчийг үзэн барилдсан бөгөөд тэр хоёрын бөхийн барилдаан удааширч барьц сонгоход хүрсэн. Алтанхуяг эхлээд аваргаас барьц сонгосон ч хаяж чадаагүй. Дараа нь Мөнхбат аварга барьц сонгоход Алтанхуяг тогтож үлдээд аваргыг өвдөг шороодуулан улсын начин болсон юм. Бөх сонирхогчид түүний улсын начин болохыг удаан хүлээсэн билээ. Ийнхүү наадамчин олны хүсэл биелсэн юм. Мөн Говь-Алтайн Ш.Шинэбаяр, Завханы Г.Баасандорж Сүхбаатарын Бо.Батжаргал, Архангайн Ч.Ганзориг, Увсын Д.Энхбаяр, Дундговийн Э.Даш нарын аймгийн арслан улсын начин болов. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын харцага Э.Оюунболд ес даван түрүүлж, улсын арслан болж, Төв цэнгэлдэхэд хурсан олонд төдийгүй халх даяар алдар цолоо мандууллаа.

Харин Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс найман даван үзүүрлэв. Э.Оюунболд зургаагийн даваанд аймгийн арслан Э.Даш, долоод харцага Ц.Содномдорж, наймд гарьд Б.Гончигдамбыг орхисон. Харин П.Бүрэнтөгс арслан зургаад аймгийн арслан А.Алтанхуяг, долоод улсын начин Н.Батзаяа, наймын даваанд заан Ч.Санжаадамбыг тус тус өвдөг шороодуулсан байна. Ийнхүү төр түмний баяр цэнгэл наадам түвшин сайхан болж, Хан Хэнтий нутгийнхан улсын шинэ арслантай болов. Баяр наадамд түрүүлсэн Э.Оюунболд 22 настай юм. Түүнээс өмнө дархан аварга Ж.Мөнхбат 1963 онд 22 настайдаа улсын наадамд түрүүлсэн байдаг.

Наадам сурвалжлах багийн ахлагч Г.ЦОЛМОН

Сурвалжлагч Ж.СОЛОНГО

Ч.БОЛОРТУЯА

Б.ЦОГТ-ОЧИР

Б.БУЯНДАЛАЙ

Фото сурвалжлагч Э.ХАРЦАГА

Жолооч Ж.ЦОГТБАЯР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.16.15 Hulbumbugiin talbai deer barilduulaad bhdaa yhaw dee