Шагайн харвааны шилдгүүд тодорлоо

2015 оны 07 сарын 12

Ч.Туяа

Үндэсний их баяр наадмын  шагайн харваанд Улаанбаатар хот, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон аймгийн нийт 50 багийн 452 харваач оролцлоо.

 Энэ жилийн наадамд Монгол Улсын үлэмж дархан мэргэн 42, дархан мэргэн 24, гарамгай мэргэн 33, мэргэн 28, дэд мэргэн 47, харшгүй мэргэн 12, аймгийн гоц мэргэн 78 оролцож, нийт харваачдын 53 хувь нь цолтой харваач байснаараа онцлог болов. Мөн шагайн харваанд БНСУ, Швед, АНУ-д ажиллаж амьдардаг монгол харваачид ирж цэц мэргэнээ сорьсноос Улсын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг 16 хожиж, нэг хожигдсон амжилтаараа түрүүлж, үлэмж дархан мэргэн Б.Шинэбаяр ахлагчтай Улаанбаатар хотын “Уран ган” баг удааллаа. Шагай харваачдын хамгийн ахмад нь Дундговь аймгийн харьяат, 91 настай Д.Санжаагэндэн бол хамгийн залуу нь Төв аймгийн харьяат, 14 настай Билгүүтэй байв.

Энэ үеэр тус тэмцээний ерөнхий шүүгч Б.Алтанхуягаас харваачдын талаар тодруулахад “Жилээс жилд шагай харвааны тэмцээний цар хүрээ өргөжихөөс эхлээд харваачдын оноо өндөр гарч байна. Шинэ дүрмийн дагуу тэмцээн маань шударга, сайхан явагдлаа. Монгол шагай харвааг ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн. Тиймээс Монголын шагайн харвааны холбоо үндэснийхээ нэг бахархлыг гаднынханд сурталчлахад илүү анхаарч ажиллаж байна. Монголын шагайчдын хамгийн өндөр цол нь Үлэмж дархан мэргэн. Ийм цолтой 42 харваач энэ жилийн шагайн харваанд цэц мэргэнээ сорьж байна” гэв.  

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД