МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ХАТАН ХААН

2015 оны 06 сарын 08

Аль нэг спортод гайхамшигтай амжилт гаргасан тамирчныг “Од” хэмээн өргөмжилж шүтэн бишрэгчид нь бурхан шиг тахиж шүтдэг билээ. Цээ-Оригийн Шоовдор 1960-1970-аад онд спортын тэнгэрт од болон гялалзаж, түг түмэн шүтэн бишрэгчдээ баярлуулж, Монголынхоо нэрийн хуудас болж явсан од бөлгөө. Тэр үеийн охид яавал Ц.Шоовдор эгч шиг ард түмнийхээ хайр хүндэтгэл хүлээсэн мундаг тамирчин болох вэ хэмээн өдрийн бодол, шөнийн зүүд болж, волейболын спортод авъяас билэг, авхаалж самбаагаа сорьж, нэртэй тамирчид болцгоож байсан нь өдгөө түүх болжээ.

Алдарт тамирчин Ц.Шоовдор мянга мянган охид, хөвгүүдийг үлгэрлэн дагуулж, волейболын спортод татан оруулж, сайн тамирчин болох замыг нь зааж өгсөнд баярлаж явдаг тамирчид нэн олон.

1940 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын нутаг “Мөнх” гэдэг газар мэндэлсэн Цээ-Оригийн Шоовдор ганцхан олдох амьдралаа спортод зориулж, алдрын оргилд хүрсэн гайхамшигтай волейболчин гэдгийг ахмад тамирчид, түүнийг шүтэн бишрэгчид андахгүй. Монгол оронд волейболын спорт эрч хүчээ аван хөгжиж байсан 1960-1970-аад онуудад эмэгтэйчүүдийн улсын шигшээ багт нэг номерын тоглогч, дасгалжуулагч байж эсрэг багийнхаа тамирчдын алдааг чадварлаг ашиглаж, хүчтэй цохилт, хууралтаар олон оноо “түүж” өрсөлдөгчдөө буулгаж авдаг хосгүй уран чадвартай тамирчин байсныг нь ахмад волейболчид одоо ч бахдан дурссаар. Ц.Шоовдор шиг волейболын спортын техник, тактикийг төгс эзэмшсэн шилдэг тоглогч Монголд одоо болтол тодроогүй л байна. Түүний гарын шавь Дархан уул аймгийн спорт хорооны ахлах дасгалжуулагч асан Бидаажавын Уранчимэг “Би Ц.Шоовдор багшаасаа асар их зүйл сурч спортын мастер цол хүртсэндээ баярлаж явдаг” гэж бахархаж бичиж байлаа.

Нэг үе эх орныхоо нэрийн хуудас болж, од хийморьтой гялалзаж явсан алдарт тамирчин, сайн сурган хүмүүжүүлэгч Цээ-Оригийн Шоовдортой хэдэн жилийн өмнө спортын амжилтынх нь талаар ярилцаж байснаа нэхэн санаж тэрлэсэн ярилцлагаа толилуулсуй.

-Өвгөн зохиолч би таныг шүтэн бишрэгчдийн нэг л дээ. Та гайхамшигтай довтлогч байж билээ. Өөрийн чинь цохисон бөмбөгийг барагтай тамирчин босгож чаддаггүйсэн. Бас эсрэг багийнхаа тамирчдын сул тал, зай сиймхийг хоромхон зуур овжин ашиглаж багтаа оноо авчирдаг байсныг тань сайн санаж байна. Та спортын олон төрлөөс волейболыг яагаад сонгосон юм бэ?

-Би Өвөрхангай аймгийн 1-р арван жилийн дунд сургуулийг 1959 онд төгссөн юм шүү дээ. Тэр үед манай сургуулийн биеийн тамирын багш Гэлэгдандарын Шоовдор гэж спортын бүх төрөлд авъяастай, тамирчин болох ирээдүйтэй хүүхдүүдийг таних билгийн нүдтэй ховорхон сайн багш байлаа. Г.Шоовдор багш маань “Чи дандаа онц сурдаг сэргэлэн охин. Чамд алдар нэрээ дуурсгасан сайн тамирчин болох ирээдүй байна. Спорт, сурлага хоёрыг эн чацуу хослуулж чадвал хэдхэн жилийн дараа чи цоороод гараад ирнэ. Спорт хүнийг өв тэгш хүмүүжүүлж, нийтэч, нөхөрсөг сайн хүн болгож төлөвшүүлдэг юм. Чи хөнгөн атлетикийн бүх төрөлд авъяас чадвараа сорьж байгаад нэг л төрлийг сонгож тууштай хичээллэ” гэж зөвлөөд өвөл нь цана, тэшүүрийн секцэнд оруулж, цана тэшүүрээ хэрхэн арчилж тордох, тэших, гулгах арга барилыг уйгагүй зааж өгдөг байлаа. Хавар, зун болоод ирмэгц гүйлт, харайлт, шидэлт, ширээний теннис, сагсан бөмбөг, волейболоор хичээллүүлж тэр болгоны арга техникийг алжааж ядрахаа юман чинээ бодолгүй зааж өгдөг гайхалтэй хөдөлмөрч хүнсэн. Өсвөр үеийнхны улс, аймгийн тэмцээн болгоныг алдалгүй хичээж уралдсаар дандаа л эхний байруудад орж, медаль, диплом авч багшийгаа баярлуулдаг байж билээ.

Багшийнхаа заасан болгоныг сурах гэж хичээснийх овоо юм сурсан хэрэг биз 9-р ангийн сурагч байх үеэсээ аймгийнхаа хөнгөн атлетикийн тамирчдыг дасгалжуулдаг догь охин байлаа шүү дээ. Г.Шоовдор багш минь намайг тамирчин болох замд хөтөлж оруулсан ачтан. 10 жилд суралцаж байхаасаа улсын чанартай тэмцээнд оролцож, өсөх ирээдүйтэй сүрхий волейболчин гэгдэж явлаа. 9-р ангид суралцаж байтал хөнгөн атлетикийн улсын шигшээ багийн тамирчин болгоод хотод татаад авчихлаа. Хөнгөн атлетикийн шигшээ багт хичээллэж байтал волейболын улсын шигшээ багт авчихлаа. Багш маань волейбол тоглох техник сайн сургах гэж их мэрийсэн. Би ч волейболд дуртай болохоор чадлаараа хичээдэгсэн. Нэг жилийн дараа Б.Авирмэд гэдэг гайхамшигтай довтлогч миний багш болсон. Б.Авирмэд багшийнхаа довтолдог арга барилыг өөрийн болгож авсандаа одоо болтол баярлаж багшаараа бахархаж явдаг даа. Дараа нь Ч.Дэмчиг багшийн шавь болж арга техникийг нь өвлөж авсандаа бас л баярлаж явдаг юм. Би 10-р ангиа төгсөхийн тулд Өвөрхангайдаа очиж шалгалт өгч онц төгсөж байлаа. Төгсөөд волейболын улсын шигшээ багт 1964 он хүртэл тамирчин, дасгалжуулагчаар ажиллаад МУИС-ын түүхийн ангид элсэж суралцсан. Би волейболоор дөрөвхөн жил хичээллээд спортын мастер болсон юм. Спортын мастер, улсын шигшээ багийн тамирчин мундаг амьтан их сургуульд орж байлаа шүү дээ. Оюутан байхдаа ч шигшээдээ хичээллэж, гадаад, дотоодын төрөл бүрийн тэмцээнд оролцож байлаа.


ШИГТГЭЭ:

Ц.Шоовдор алтан үеийн манлай волейболчин гэдгийг ахмад волейболчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг юм. Ц.Шоовдор тухайн үедээ улсын шигшээ багийн эмэгтэй волейболчдоос тоглолтын уран чадвараараа хол тасархай байж билээ. Түүний гайхамшигтай уран чадварлаг тоглолтыг нүд салгалгүй амьсгаа даран сонирхож байсан үзэгчид оноо авах тоолонд нь танхим дүүрэн нижигнэсэн алга ташилтаар баяр хүргэдэгсэн. Тэрбээр улсын аварга шалгаруулах тэмцээн, бүх ард түмний спартакиадын волейболын тэмцээнүүдэд 20 гаруй удаа түрүүлж, алтан медалиар энгэрээ мялааж, үзэгч түмнээ баярлуулж, 1971 онд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Монгол улсын гавъяат тамирчин цолоор шагнуулж, асар их хөлс дуслуулсан олон жилийн нөр их хөдөлмөрөө зүй ёсоор үнэлүүлсэн юм.

Ц.Шоовдор Монголд волейболын спорт хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан ХХ дугаар зууны шилдэг волейболчин, волейболын спортын хатан хаан гэхэд ер хэтрүүлсэн болохгүй. Алтан үеийн алдарт волейболчдын тэргүүн эгнээнд гялалзаж явсан гавъяат тамирчин Ц.Шоовдор эмэгтэй хүн 50 нас хүртлээ волейбол тоглож амжилт гаргаж чаддагийг батлан харуулах зорилго тавьж, зорьсондоо хүрсэнээр барахгүй тавин наснаасаа хойш ахмад волейболчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алт, мөнгөн медаль олныг хүртэж билээ. Түүний нөхөр Ёндондүйчэрийн Сэвжидгоцол цэл залуудаа тэшүүрийн спортоор хичээллэж, Өвөрхангай аймгийн аварга тэшүүрчин, улсын нэгдүгээр зэргийн тамирчин болж явсан спортод элэгтэй хүн учраас ханиа бүх талаар дэмжиж, спортын уралдаан тэмцээнд оролцох боломжоор хангаж, сэтгэл санааны асар их дэмжлэг үзүүлж ирсэн нь Ц.Шоовдор гавъяат тамирчны зэрэгт хүрэхэд нөлөөлсөн нь эргэлзээгүй.

Алдарт тамирчин Ц.Шоовдор 50 гаруй жил волейболын спортоор хичээллэхдээ 80 гаруй медалийн эзэн болсны 30 гаруй нь алтан медаль юм. Тэрбээр 1968 онд МУИС-ын түүхийн ангийг улаан дипломтой төгссөнөөс хойш МУИС, ХААИС-д мэргэжлийнхээ дагуу багшилж, дэд профессор цол, магистрын зэрэг хамгаалсан нэрт сурган хүмүүжүүлэгч болой. Ц.Шоовдор ардын боловсрол, биеийн тамир спорт, хүнс хөдөө аж ахуй гээд гурван салбарын тэргүүний ажилтан цолтой, МҮОХ-ны хүндэт алтан медалийн эзэн буюу.

-Та олон жил эмэгтэйчүүдийн улсын шигшээ багийн довтлогч, дасгалжуулагчаар ажилласан хүн. Багаа ахалж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тоглолтынхоо уран чадвараар дэлхийн шилдэг волейболчдын анхаарлыг татаж, олон улсын тэмцээнд олонтаа оролцож, шилдэг тоглогчын шагналыг хэдэнтээ хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан тамирчин. Та олон шавьтай юу?

-Би 1958-1999 он хүртэл УАШТ, МБАТ-ний спартакиад болон өөр олон тэмцээнд оролцохдоо тогтмол медальт байранд орж, залуу тамирчдаа дасгалжуулж байлаа. Шавь нар маань хэдэн зуугаар тоологдоно л доо. Миний шавь нараас 140 шахам хүн спортын мастер цол хүртсэн юм. Өндөр зэрэгтэй 100 гаруй тамирчин төрүүлснийг бодоход ихээхэн хүч хөдөлмөр зарцуулж, багагүй хөлс урсгасан байж таарна аа даа. Би чинь 1958-1979 онд улсын шигшээ багийн үндсэн тоглогч, дасгалжуулагчаар тасралтгүй ажиллаж, улс хоорондын болон олон улсын тэмцээнд багаа удирдан оролцож, амжилттай тоглож, шилдэг тоглогчийн шагнал бишгүйдээ хүртэж явлаа. Миний амжилтад шавь нарын минь авъяас чадвар, уйгагүй хүчин зүтгэл нөлөөлсөн нь мэдээж шүү дээ. Би гарамгай шавь нараараа бахархаж явдаг. Тэр дундаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бидний оргил үед надтай нэг багт тоглож байсан спортын мастер Пунцагын Борхүү, Янжингийн Отгонсүрэн, Содовын Алимаа, Буян-Очирын Март зэрэг алдартай волейболчдоороо одоо ч бахархаж явдаг. Эд нар маань яах аргагүй волейболын спортын алтан үеийн алдарт тамирчид юм шүү.

-Таны үр хүүхдээс халааг тань авсан хүн бий юу?

-Би ганц хүүтэй хүн. Тэр маань волейболчин болоогүй. Харин ач охин Сурмаажавын Сэргэлэн сайн волейболчин болсон шүү. Өндөр нуруутай, хөдөлгөөний эвсэл сайтай, тоглолтын арга техникийг сайн эзэмшсэн эцэж цуцахыг юман чинээ боддоггүй уйгагүй хөдөлмөрч хүн л сайн волейболчин болдог юм шүү дээ.

-Та гадаадын шилдэг волейболчидтой өрсөлдөж явсан тэмцээнүүдээсээ сонирхуулахгүй юу?

-Гадаадад болсон бишгүй олон тэмцээнд оролцож дээ. Анх 1959-1960 онд Бээжин, Ханой, Улаанбаатар болсон социалист орнуудын, 1961-1963 онд Зөвлөлтийн (хуучин нэрээр) дундад азийн бүгд найрамдах улсуудад жил бүр явагддаг “Нөхөрлөл” тэмцээн, Зөвлөлт, Монголын залуучуудын Манжерок, Хонд, Ташкентын их наадмуудын тэмцээнд амжилттай оролцож шилдэг тоглогчийн шагнал хамж байлаа. 1965 онд Будапештын Универсиад, Эрхүү, Якутад болсон олон улсын тэмцээнээс дурсгалын медаль “Эрхүү мужийн аварга” шагнал, Сахагийн спортын мастер болж явлаа. 1979-1983 онд залуучуудын шигшээ багийг дасгалжуулж Болгар, Герман, Чехословак, БНСАУ-д болсон “Нөхөрлөл” тэмцээнд оролцож байлаа. Бас 1992 Онд Орос, Хятад, Монголын тамирчдын нөхөрсөг тэмцээнд оролцож дээ. 1972-1979 онуудад Варна, Гранов, Улаанбаатарт болсон олон улсын тэмцээнээс гурван хүрэл медаль хүртэж байсан юм байна шүү.

1994 онд Японы Хирошима хотод болсон Азийн 12-р Наадамд эмэгтэйчүүдийн багийг дасгалжуулж ахлагчаар нь оролцож шагналт зургаадугаар байранд орж байлаа.

ШИГТГЭЭ:

Ц.Шоовдор 50 шахам жил волейболын спортод авъяас билэг, уран чадвараа сорихдоо ихэнхэд нь багийн үндсэн тоглогч, дасгалжуулагч, багийн ахлагчаар ажиллаж, багийнхаа эмч, багш, тоглогч, массажист, орчуулагчийн үүргийг давхар гүйцэтгэж, тамирчдаа халамжилж ирсэн ажгуу. Тэрбээр олон улсын тэмцээнд явахдаа том цүнх дүүрэн янз бүрийн эмтэй явж, тамирчдынх нь хэн нэг нь өвдвөл эмчилж сувилж, сэтгэл санааг нь дэмжин тайвшруулж, халамжлан хүмүүжүүлэгч ч болдог байсан нь өдгөө нандин дурдатгал болжээ. Ц.Шоовдор дандаа ялдамхан инээмсэглэж явдаг гайхалтай нийтэч, найрсаг зантай хүний хайлан болсон ховорхон сайхан хүн.

Би бээр ХААДС-д түүнтэй олон жил хамт ажиллахдаа уурлаж уцаарлаж байхыг нь ер үзээгүй юм даг. “Их спорт л намайг зорьсондоо хүрэх хатуужил тэвчээртэй, нийтэч нөхөрсөг зантай хүн болгож төлөвшүүлсэн” гэж волейболын спортын хатан хаан Ц.Шоовдор даруухан өгүүлдэгсэн.

Монгол улсын гавъяат тамирчин, алдарт волейболчин Цээ-Оригийн Шоовдорын алдар гавъяаг мөнхжүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн санаачилгаар 1999 оноос Ц.Шоовдорын нэрэмжит волейболын тэмцээнийг хоёр жил тутам уламжлал болгон явуулдаг болжээ.

МЗЭ-ийн шагналт зохиолч САН.ПҮРЭВ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.14.136 агуу юмаа
139.5.218.85 copy paste hiij bolohgui baih yum baga zereg medeelel awaj busad hund uzuulmeer l baina shdee... ene site-d tawisnaar hedheen hund l hurne eh survalj geed tanai site-iig tavichihad bolno. iluu olon hund hurgehiig husdeggui yum uu!!!!