Л.ЭРХЭМБАЯР: “ТАВАНТОЛГОЙ” ТӨСЛИЙН 51 ХУВИЙГ ТӨР ЭЗЭМШИХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

2015 оны 04 сарын 29

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Тавантолгой” төсөлтэй холбоотой асуудлаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр “АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Тавантолгойн ордод хөрөнгө оруулалт татахыг дэмжье, гэхдээ үйл ажиллагаа явуулах төслийн компанийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” эзэмших нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргасныг дуулгав. Түүнчлэн Засгийн газар, АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн уул уурхайн ордод түшиглэж байгуулсан компанийн 51 хувийг төрийн эзэмшилд байлгана” гэсэн заалтыг эш үндэс болгон энэхүү шийдвэр гаргасныг онцолсон Мөн Л.Эрхэмбаяр “Төслийн компанийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, 49 хувийг нь гадаадын хөрөнгө оруулагч эзэмшвэл иргэдэд олгосон 1072 хувьцааны үнэ цэнэ өснө” гэв.

Ингээд тэрбээр хэвлэлийнхний сонирхсон асуултад хариулсан юм.

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын түвшинд хэлэлцэхээр болсон гэж ойлгосон. Гэтэл намын зүгээс байр суурь илэрхийлж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Тавантолгой бол стратегийн орд. Үүнээс Монголын ард түмэн хувьцаа эзэмшдэг. Иймээс уг асуудлыг УИХ шийдвэрлэх эрх зүйн тогтолцоотой юм. Парламент улс төрийн намын гишүүд нь бүлгээс бүрддэг. Манай намын Гүйцэтгэх зөвлөл энэ асуудал ийм байр суурьтай байна гэдгээ УИХ-д сонгогдсон намын гишүүд, бүлэгтээ илэрхийлж байна.

-АН-ын Гүйцэтгэх зөвлөлд УИХ болон Засгийн газрын гишүүн хэд байдаг вэ?

-УИХ-ын гишүүн 7-8 бий. Мөн сайд нар, аймгийн Засаг дарга нар ч бий.

-Төслийн компаниас хувь эзэмшихээр төр хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарах юм биш үү?

-УИХ, Засгийн газрын тогтоолд Тавантолгойн ордод гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж идэвхжүүл гэж тусгасан. Ингэхдээ Монголын төрөөс ямар нэг хөрөнгө мөнгө гаргахгүй байх зарчим баримталсан. Энэ зарчмаа барьж гэрээ байгуулах учиртай.

-Галт тэрэг хөдлөөд нэлээд удсаны дараа ийм хувилбар санал болгож байгаа нь ямар учиртай юм бэ? Яриа хэлцэл дуусаад гарын үсэг зурах шатандаа ирчихлээ шүү дээ.

-Галт тэрэг одоо л хөдлөх гэж байна. Хөдөлчихсөн гэж зарим хүн ойлгоод байгаа бололтой. АН-ын оруулж ирж буй энэ хувилбар өмнө нь ч яригдаж байсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийг Я.Батсуурь удирдаж байхад ийм хувилбар ярьж байсан юм. Галт тэрэг хөдөлчихсөн гэж ярьж болохгүй. Асуудалд хурдан хуумгай хандаж болохгүй.

-Оролцоо, эзэмшлээс бусад асуудлаар АН байр суурь нэгдэж байгаа гэж ойлгож болох уу?

-УИХ-аар хэлэлцэж эхлэх үед нам бүрээс ажлын хэсэг гаргаж заалт бүрээр нь нарийвчлан ярих хэрэгтэй гэж үзэж байгаа. Монголд ашигтай болгох олон заалт бий. Жишээ нь, 10-12 мянган ажлын байр бий болгоно гэж байгаа. Яг хэдэн хүн ажиллуулах эсэх заалт байхгүй байна лээ. Нийт ажлын төдөн хувийг дотоодоос бүрдүүл гэсэн заалтыг оруулах саналтай байгаа.

-Төслийн компанийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, 49 хувийг Хятадын “Шинхуа”, АНУ-ын “Пийбоди энержи” эзэмшээд Тавантолгойд хөрөнгө оруулалт татъя гэсэн саналыг өмнө нь танай нам дэмжээгүй. Гэтэл одоо яагаад энэ хувилбарыг гаргаж тавьж байгаа юм бэ?

-Манай нам дэмжээгүй юм биш. Тухайн үед энэ асуудлыг УИХ-д оруулж ирээгүй. Хэрвээ ийм хувилбар оруулж ирсэн бол дэмжих байсан.

-Тухайн үед Засгийн га зар дэмжээгүй гэдэг шүү дээ.

-Энэ асуудал УИХ-д орж ирээгүй.

-Өнөөгийн Ерөнхий сайд, тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хэлэлцүүлэхээс 20 хоногийн өмнө наад хувилбараа зогсоо гэж үүрэгдсэн гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ярьсан. Ч.Сайханбилэгийн байр суурь танай намын байр суурь байгаагүй юм уу?

-Тавантолгойд хөрөнгө оруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан энэ цаг мөчид л манай нам анх удаа байр сууриа илэрхийлж байна.

Т.ЭНХБАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД