Х.ХАТАНБААТАР: ОЮУНЫ СПОРТЫН ОЛОН ТӨРЛӨӨР МОНГОЛЧУУД ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ БОЛНО

2015 оны 04 сарын 02

Монголчууд оюуны спортын зарим төрөлд цойлон гарч, дэлхийн шилдгүүдийн эгнээнд бичигдэж байгаад хэн хүнгүй баяртай явдаг. Ой тогтоолтын спортын дунд насны ангилалд дэлхийн 17 дээд амжилтын 14-ийг нь монгол хүүхдүүд эзэмшиж байна гэхээр бахархахгүй байхын аргагүй. Монголчуудыг энэ спортын төрөлд хөтөлж, илүү хялбар суралцаж, мартахгүй тогтоож, гоц ухаантнууд хэмээн хэлүүлэх хүртэл нь замчилсан хүн бол Хандсүрэнгийн Хатанбаатар. Тэрбээр 2008 оны есдүгээр сард Турк улсын ой тогтоолт болон түргэн уншлагын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэн байдаг. Тухайн үед хуулийн чиглэлээр тус улсад суралцаж байсан бөгөөд зузаан номнуудаа түргэн уншиж, гүйцэд тогтоохын тулд хурдан унших арга техник болон ой тогтоолтын аргачлалд суралцан хичээллэж эхэлсэн аж.

Найз нөхөд болон багш нарынхаа зөвлөснөөр тэмцээнд оролцож амжилт гаргаад, дараа нь эх орондоо ирж, Оюуны ухааны академийг байгуулсан байна. Нүдээ боочихоод рубикийн шоо эвлүүлж, олон оронтой тоог цээжээр бодож “амьд тооны машин” хэмээн дуудуулдаг хүүхдүүдийн багш нь энэ хүн. Одоо тэрбээр оюуны спортын олон улсын шүүгч болсон. Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээн, АНУ-д болох дэлхийн шилдэг 24 тамирчны дунд зохион байгуулагдах уралдааны бэлтгэл гэх мэт өрнүүн ажилтай байгаа түүнтэй уулзаж ярилцлаа.

-Хүн өөрийгөө олж байж амжилтад хүрдэг. Тиймээс өөрийгөө нээж, таньж мэд гэж хүмүүс зөвлөдөг. Харин та өөрийгөө олох гэдгийг юу гэж ойлгодог вэ?

-Би хэн бэ, би юу хийж чаддаг бас чаддаггүй вэ, миний хүсэж байгаа зүйл юу вэ гэдгээ мэддэг болохын тулд өөрөө өөрийгөө танин мэдэж, нээх ёстой. Үүн дээр тулгуурлаж өөрийн зорилгыг тодорхойлох ёстой. Миний хувьд өөрийгөө тодорхой хэмжээнд нээж, олж хараад явж байгаа гэж боддог. Хуулийн сургууль төгсчихөөд эрхзүйч мэргэжлээрээ хэсэгхэн хугацаанд ажиллаад л боловсролын салбар руу орсон доо. Хамгийн гол нь өнөөдөр хийж байгаа ажилдаа дур сонирхолтой байна гэдэг нь амжилтын эхлэл гэж боддог.

-Энгийн жишээгээр бол цэцэрлэгээс сургууль, дунд сургуулиас их дээд сургууль дамжиж, хүсэж эсвэл хэрэгтэй гэж сонгосон мэргэжлээрээ сураад, энэ чиглэлээрээ ажиллаж байгаа тохиолдол олон. Энэ миний хийх ёстой зүйл, би энэ замналаар л явах ёстой гэдгээ хүн яаж мэддэг юм бол. Тухайлбал, та яагаад Оюун ухааны академи байгуулж, энэ спортын төрлийг хөгжүүлэхээр ажиллаж байна вэ?

- Миний хувьд дунд сургуулиа төгсөөд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтаа Сэлэнгэ аймагтаа өгч МУИС-ийн Улс төр судлалын ангид орохоор болсон. Ингээд суралцаж байх хугацаанд надад олдсон нэг сайхан боломж маань хоёрдугаар курсээсээ Засгийн газар хоорондын гэрээгээр Турк улсад хуулийн чиглэлээр сурах шалгаруулалтад тэнцсэн явдал юм. Турк улсад оюутан байх үедээ суралцах арга барил, хурдан унших, тогтоох чадварын талаар олж мэдээд, хичээллэж эхэлсэн. Анх оюуны спорт гэдэг утгаар нь хичээллээгүй. Хамгийн гол нь эдгээр чадварыг эзэмшсэнээр миний хичээл ном, сурлагад эерэгээр нөлөөлөх боломжтойг л мэдсэн. Үр дүн нь богино хугацаанд гарч сурлагад маань нөлөөлсөн.

Ингээд багш, найз нарынхаа зөвлөснөөр анхны тэмцээндээ 2008 онд оролцсон. Энэ тэмцээнд уншлагын төрлөөрөө хоёрдугаар байр, ой тогтоолтоор тавдугаар байр тус тус эзэлсэн. Гол нь хурдан уншлага гэдэг нь үгсийг дуудаж унших бус багцалж, бүлэглэж унших ур чадвар юм. Нэг харалтаар гурав эсвэл таван үг түүнчлэн мөр мөрөөр нь уншиж ойлгох урлаг юм л даа. Тэр жилдээ дөрвөн жилд нэг удаа болдог MEMORIAD оюуны олимпт оролцоод 2009 онд олон улсын тэмцээнээс хэд хэдэн медаль хүртэж байлаа. 2009 онд Монголдоо ирээд оюуны спортын хэд хэдэн төрлийг хөгжүүлэхээр сэтгэл шулуудан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хамгийн гол нь эдгээр спортын арга техникийг заана гэдэг нь тухайн хүнд суралцах арга барилыг олгож байна гэсэн үг юм.

-Энэ спортоор хичээллэхээсээ өмнө ч сурлага сайтай хүү байжээ. Уралдаант шалгалтын хоёрдугаар байрт орсон гэхээр нь тэгж дүгнэлээ.

-Ер нь бол хичээлдээ сайн сурагч байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа англи хэл, мэдээлэл зүй, биологи гэх мэт олон олимпиад, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, бокс зэрэг уралдаан тэмцээнд тогтмол оролцдог байлаа. Мэдээлэл зүйн Дархан-Уул аймгийн олимпиадад хоёр жил дараалан дэд байр эзэлж байсан. Цээжлэх тогтоох тал дээр онцгой байсан гэж боддог.

-Энэ арга барилыг эзэмшээд амжилттай суралцах, ажиллах хүсэл өөрийн эрхгүй төрж байна шүү.

- Байгууллага маань анх 2009 онд Монголын Оюуны хөгжил-Оюуны спортын төв нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 2010 онд Монголын Оюун Ухааны академи болон идэвхитэй үйл ажиллагаа явуулж, олон арван хүүхэд, залуус, ахмад үеийнхэнд зориулж сургалт явуулж уралдаан тэмцээнүүдээ зохиож эхэлсэн. Өнөөдөр сургалтанд хамрагдаад өөрсдийгөө гайхалтай түвшинд хөгжүүлсэн олон хүн байхаас гадна сонсоод өнгөрсөн хэсэг ч бий. Хамгийн гол нь хүн бүр эдгээр арга техникт суралцаад тэр дор нь хэрэгжүүлж болдгоороо давуу талтай. Мэдээж дадал болгохын тулд хичээл зүтгэл хэрэгтэй. Энийгээ л зарим нэг нь орхигдуулдаг.

-Сүүлийн үед сурах арга барилаас илүү орчин нөхцөлийг чухалчлах болжээ. Энэ хамгийн том эндүүрэл байх тийм үү?

-Орчин нөхцөл чухал ч сургууль нь чанартай боловсрол олгож, сурагчид нь багаасаа суралцах арга барилыг эзэмших хэрэгтэй. Долоо хүртэлх насны хүүхдүүдийг суутнууд гэдэг шүү дээ. Өнөөдрийн манай боловсролын систем зүүн тархин дээр суурилж мэдлэг олгож байна. Хамгийн гол нь хоёр тархины тэнцвэрийг хангасан сургалтын хөтөлб өр үүдийг сургуулиудад нэвтрүүлэх хэрэгтэй. Өнөөдөр барууны зарим орнууд, Хятад, Америк зэрэг улс орнууд тодорхой хэдэн дунд сургуулиудад нэвтрүүлээд байна.

-Та бүхэн Монголын боловсролын салбарын шинэчлэлд бага ч гэсэн оролцож чаддаг уу?

-Бид академийнхаа хүрээнд 2011 онд бага ангийн математикийн хичээлийг сонгож аваад өөрсдийн арга барилаар заах хөтөлбөрийг боловсруулж амжилттай туршиж байсан. Өөрөөр хэлбэл есөн сар үзэх хичээлийг хоёр сард багтаан 30 хүүхдэд бүрэн ойлгуулж чадсан. Ингээд холбогдох хүмүүст богино хугацаанд суралцах ийм боломж байгааг дуулгаад саналаа тавихад одоогоор хэрэгжих боломжгүй гэдэг хариуг авсан. Хамгийн гол нь тархины бүтэц, үйл ажиллагааны талаар хэдий чинээ мэдэх тусам энэ гайхалтай хүчинд итгэх итгэл төдий чинээ нэмэгдэнэ. Багад нь эдгээр онцлогуудыг хэлж ойлгуулах нь чухал юм. Бид судалгааныхаа хүрээнд хичээлийн хөтөлбөрүүд дээр ажиллаж байгаа. Цаг нь болохоор нийтийг хамрах хэмжээнд оролцоод явах болов уу.

-Тэгэхээр олон цоож онгойлгох нэг түлхүүр энэ байх нь. Гадаад хэл сурах, олон үг цээжлэх, тоо бодох, харснаа мартахгүй болох гээд ач холбогдол өндөртэй юм аа.

-Аргачлалаа ойлгоод дадал болгоод ирэхээр өдөр тутмын амьдралдаа тогтмол ашиглаад эхэлнэ. Жишээ нь өнөөдөр гадаад хэл сурахын ач холбогдлыг бүгд мэддэг хэрнээ үр дүнтэй суралцахад бэрхшээл гардаг. Хэл сурахын тулд уйгагүй хичээл зүтгэл гаргах ёстой. Шаардлагатай дүрмээ үзэж тогтоох нь чухал. Хамгийн том асуудал нь үгийн баялаг. Ихэнх хүн цээжлэх үгээ жагсааж бичээд, олон дахин уншиж тогтоохыг хичээдэг. Гэтэл дэвшилтэт өөр аргыг сурснаар шинэ үг цээжлэх нь хялбар болж эхэлнэ. Энгийнээр хүний тархи зургаар ажилладаг. Энэ нь харсан зүйлээ илүү сайн тогтоож санадаг гэсэн үг.

Тиймээс аливаа мэдээллийг дотроо дүрслэн харах хэрэгтэй. Мөн сэтгэл хөдлөл оролцсон мэдээллийг мартдаггүй учир хошин, энгийн бус хэлбэрээр дурсэлж харснаар тухайн мэдээлэл мартагдахгүй. Хүний тархийг энгийнээр тайлбарлая. Та чанасан өндөг гартаа атгаад, бугуйгаа бага зэрэг нугалсан байна гэж төсөөлье. Тэгвэл өндөгний шар нь суурь тархи, цагаан нь дунд тархи, таны гар дээд тархи буюу бор гадарга юм. Өндөгний цагаан буюу дунд тархин дээр ой санамжтай холбоотой чухал хэсэг байдаг. Мэдээллүүдийг хадгалах эсэхийг энд шийддэг. Үүний гиппокамп гэдэг. Энэ ажилласнаар мэдээлэл кортекс дээр хадгалагдаж эхэлнэ.

Энэ нь ямар үед ажилладаг вэ гэхээр сэтгэл хөдөлсөн үед идэвхждэг байх нь. Тухайлбал, та жилийн өмнө, хоёр жилийн өмнө төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэснээ санаж байна уу гэж асуувал тэмдэглэж л байсан бол идсэн хоол, өмссөн хувцас, авсан бэлэг, урьсан зочидтой хамт нэг бүрчлэн санаж байгаа. Харин яг 30 хоногийн өмнө өдрийн хоолондоо юу идсэн бэ гэж асуувал санахгүй. Учир нь энэ энгийн л өдөр байсан. Магадгүй өмнө нь амсаж үзээгүй, шинэ хоол идсэн бол мартаагүй байж болох юм. Энэ нь энгийн бус, онцгой, сэтгэл хөдлөл оролцсон мэдээлэл учир санахад хялбар. Яг үүнтэй адил бид аливаа мэдээллийг тогтоохдоо сэтгэл хөдлөлөө оролцуулж, бодитоор дотроо төсөөлж тогтоох хэрэгтэй. Гадаад үгийг ч мөн адил энэ зарчмаар цээжилнэ.

-Танай тамирчид тэмцээнд бэлдэхдээ тусгай хөгжим сонсдог гэсэн. Энэ ямар учиртай вэ?

-Хүний тархи альфа, бета, тета, дельта дөрвөн долгионд хэлбэлздэг. Хүнийг хамгийн стрессгүй орчинд оруулж, оюун ухааныг бүрэн төвлөрүүлдэг нь альфа долгион. Альфа долгион өглөөний 04.00-06.00 цагт идэвхитэй, тогтмол байдаг хэмээн зарим судлаачид үздэг. Тэгвэл одоо өдрийн хүссэн үедээ альфа долгионд тогтмол байх боломжтой болсон. Альфа долгионд орж, стрессгүй оюуны ажил хийж болдог арга бий. Ийм орчныг ларго хэмнэлтэй сонгодог хөгжим бий болгодог. Моцартын хөгжим сонсох нь IQ нэмэгдүүлдэг гэсэн судалгаа байдаг. Зарим ая нь ларго хэмнэлийг агуулж байдаг юм байна. Яг үүнтэй адил эрдэмтдийн боловсруулж, туршиж гаргаж ирсэн энэ төрлийн аясыг бид оюуны ажил хийхдээ сонсдог. Санаа дагаад ч юм уу илүү төвлөрдөг юм. Хамгийн гол нь ном уншихдаа, эсвэл оюуны ажил эрхэлж байхдаа энэ хөгжмийг сонсож болно.

Харин машин барих эсвэл аюултай ажил хийж байгаа нөхцөлд сонсохыг хориглодог. Учир нь оюуныг төвлөрүүлж биеийг суллаж тайвшруулдаг учраас магадгүй машин барьж байгаа үед гэнэтийн аюул тохиолдоход тормосоо ч гишгэх боломжгүй болно гэж үздэг. Оюуны спортоор хэдийд ч хичээллэх боломжтой. Бага наснаасаа хичээллэбэл цагаан цаастай адилтгаж болох тэдний оюун ухаан энэ арга барилыг илүү хурдан эзэмших нь дамжиггүй. Гэсэн ч тус академийн сургалтад хамрагдаж, амьдралдаа энэ арга барилыг амжилттай хэрэгжүүлж яваа 50-70 настан ч байна. Тэр ч бүү хэл дэлхийн оюун ухааны спортын аварга шалгаруулах тэмцээний 60 настай оролцогч 20-30 настай өрсөлдөгчдөө ялаад сэтгэл хөдлөлөө илэрхийлж байсан нь бий гэнэ. Энэ арга барилыг сурахын тулд хэдэн сар жил сургалтад суух шаардлагагүй.

Хэдхэн хоногийн дотор хэрэгтэй зүйлсээ мэдэж ирээд давтан, хэрэгжүүлэх нь таны үүрэг. Оюун ухааны академийнхан “Гоц жаалууд”, “Бяцхан сондор” цэцэрлэгт хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Тэр хөтөлбөрт хамрагдсан 105 хүүхдийн дунд саяхан тэмцээн зохион байгуулжээ. Хоёр оронтой арван тоог тэдэнд нэг секундын давтамжтайгаар, дэлгэцээр харуулаад хариуг нь авахад бүгд зөв хариултыг бичиж чадсан байна. Тэднийг зааланд суулгаж байгаад самбар өгч хариулт бичүүлсэн юм билээ. Бүгд зөв хариугаа ярсхийтэл өргөж, хэн ч алдаагүй байх тэр үе Х.Хатанбаатарт тод сайхан дурсамж үлдээжээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхдээ тэрбээр олон шүүмжлэл сонсож байжээ. Гоц хүүхдүүд төрдөг болохоос биш тэдний бий болгодоггүй гэдгээс эхлээд хүүхдээр бизнес хийх гэлээ гэсэн хардлагыг ч мэдэрсэн байна. Гэтэл одоо эцсийн үр дүн гарч “амьд тооны машин” болсон 105 хүүхэд ирээдүйн шилдэг мэдлэгтнүүд болохоор гараан дээрээ зогсчээ.

-Энэ арга барилуудаас эзэмшчихвэл мартагдсан ой санамж сэргэх үү?

-Нас ахихаар ой тогтоолт мууддаг гэсэн яриа байдаг. Тийм биш. Нас ахиад ой тогтоолт муудаагүй, харин оюуны залхууралд орж байгаа юм. Утасны дугаар сонсоод “Би ямар цээжлэх биш, миний насны хүн яаж чадах билээ” гэж алгуурласаар өөрийгөө дайчлахаа больдог. Хүн эрүүл чийрэг байхын тулд хөдөлгөөн хийж, фитнесээр хичээллэдэгтэй л ижил шүү дээ. Тархины фитнес л хэрэгтэй. Яагаад япончууд судоку бөглөж, оюуны спортоор хичээллэж байна. Мартах өвчнөөс сэргийлэх гэж л тэр. Өдөрт багадаа 30 минут заавал ном унших, үгийн сүлжээ бөглөх нь тустай. Тархи ажиллах тусам эсүүдийн хоорондын синапс холбоо бат бөх болсноор мартагдсан дурсамжаа санах боломжтой юм.

-Тэгвэл та хамгийн эртдээ хэдэн настай үеийнхээ дурсамжийг санадаг вэ?

-Гурван настай байх үеийн тохиолдож байсан зарим зүйлсээ санадаг.

-Аль нутгийн хүн билээ, та?

-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Хүүхэд нас маань Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Сүхбаатар сум мөн Дархан-Уул аймагт өнгөрсөн. Ээжийг минь Цэцэгмаа гэдэг. Эмч мэргэжилтэй. Аавыг минь Хандсүрэн гэдэг. Инженер мэргэжилтэй хүн байсан. Аав минь бага байхад бурхан болсон. Өдий зэрэгтэй явж байгаа минь аав, ээж хоёрын надад их зүйл ухааруулж ойлгуулж байсан ач тус юм даа.

-Таны хичээллэдэг оюуны спортын төрлөөр гэр бүлийнхэн болон найз нөхөд тань хичээллэдэг үү?

-Хамаатан, саднаас бол бий. Тамирчин болж бэлтгэгдээд эхнээсээ мундаг багш болсон нь ч байна. Нэг эмэгтэй дүүтэй. Одоо Турк улсад анагаахын чиглэлээр сурдаг юм. Дүү маань тодорхой хэмжээнд хэрэгжүүлээд сураад явж байгаа.

-Та нар энэ олон тэмцээнд оролцохдоо зардлаа яаж олдог вэ?

-Тэмцээн уралдаанд оролцох, зохион байгуулах зэрэгт санхүү бол хамгийн том бэрхшээл. Өнөөдөр сургалтаас олж буй хуримтлал маань дотооддоо зохион байгуулдаг энэ олон тэмцээн болон гадны тэмцээн уралдаанд оролцоход хангалттай хүрдэггүй. Тиймээс найз нөхөд, байгууллага, хамт олон, тамирчдынхаа гэр бүлийнхний дэмжлэгээр л ихэвчлэн явна. Дэмжиж тусалж байсан хүмүүст талархаж явдаг шүү. Заримдаа ажилчдынхаа цалинг ч өгч чадахгүй, тэмцээнд оролцохын тулд машинаа хүртэл зараад явж байсан үе бий. Гэхдээ цаашдаа оюуны спортын нэр хүнд өсч, оюунлаг үйлсийг дэмждэг олон байгууллага, хувь хүн бий болно гэдэгт итгэж явдаг даа.

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД