Байгаль дэлхийдээ хайртай ИХ ЗОХИОЛЧ

2015 оны 03 сарын 16

ОХУ-ын телевизийн бүх суваг мэдээллийнхээ хөтөлбөрөөр нэрт зохиолч Валентин Распутин таалал төгссөн тухай эмгэнэнгүй мэдээлж байна. Их зохиолчтой хамт түүний иргэний аястай байгалийн сэдэвт нийтлэлүүд, хүн байгалийн хамгийн эмзэг дотно харилцаа орчин үеийн биднээс алслан одож буй нь харамсалтай байна гэж “Вести” мэдээлээд түүний хэт даруу зан, хүн чанарын тухай болон зохиол бүтээлийнх нь талаар баримтат киногоор өгүүлнэ лээ. Миний бие Валентин Распутины суралцаж төгссөн Их сургуулийг төгссөний хувьд, бас тэр хүний зохиол бүтээлээ туурвин ажиллаж амьдарч байсан хотод суралцаж байсных яаж ийгээд түүнтэй уулзаж, бяцхан ч атугай ярилцлага авчих юмсан гэж мөрөөддөг байв. Эрхүүд гэрт нь уулзаж, мөрөөдлөө биелүүлэх сайхан боломж олдож байлаа. Тэрбээр дөнгөж ой хүрч яваа зээ охиноо тэвэрчихсэн хаалгаа онгойлгоод зогсож байсан нь тод санагдаж байна.

Охин нь, эхнэр нь гээд их зохиолчоос өөр хаалга тайлаад өгөх хүн гэрт байсан. Тэр ойр тойрондоо төвөггүйхэн амьдрах гэсэн тийм эгэл даруухан хүмүүжилтэй нэгэн байв. Тэр уулзалтаараа байгаль дэлхийдээ хайртай их зохиолчийн хэлсэн “Газар дэлхий ч бидэнд ганцхан байна...” хэмээх сайхан үгээр нь гарчиглаж байгаад нэг цагийн радио нэвтрүүлэг бэлтгэж ирсэн юм. Валентин Григорьевичийн дуу хоолойтой, эмзэглэл санаашралтай тэр нэвтрүүлэг радиогийн “Алтан фонд”-д орж надад уран бүтээлийн том урам зориг авч ирж байлаа. “Утга зохиол-Урлаг” сонинд түүнтэй хийсэн ярилцлагаар бэлтгэсэн “Онгон байгаль олдошгүй эрдэнэ” хэмээх нийтлэл маань тус сонины оны тэргүүн бичлэгийн шагнал хүртэж байв (1987он). Хэдэн жилийн дараа түүнтэй Москвад бас нэг уулзсан юм. Өөрийнх нь номыг хэвлэж буй нэгэн хэвлэлийн газарт болзчихоод тэрбээр ярилцах өрөө олж ядан хулгаж байсансан. ЗСБНХУ-ын депутат, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн гээд олон цол гуншинтай нэрт зохиолч хүсвэл хэн нь ч ямар л бол ямар өрөө гаргаад өгнө л дөө.

Тэр өөрийгөө өндөрт гарчихсан нэгэн гэж огт үздэггүй байжээ гэж би боддог юм. Нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн санаачилгаар зохион байгуулсан “Байгалийн хөдөлгөөний -IV” буюу Хөвсгөлийн уулзалтад Валентин Григорьевич хүрэлцэн ирэхэд нь миний бие дагаж үйлчилсэн билээ. Тэрбээр энэхүү уулзалт- хурал дээр “... фосфор ашиглах талаар байгуулсан хоёр улсын гэрээг цуцалж болох шүү дээ. НҮБ-ын зохих салбарт хандаж болно. Хөвсгөлийн цэвэр цэнгэг нуурыг үлгэр жишээ болгон баталж үлдээх талаар асуудал тавих нь зүйтэй юм. Фосфорын аюулыг НҮБ-ын тэр баталгаа зайлуулна” гэж хэлж байв. Хөвсгөлийн төлөө ийнхүү санаа сэтгэл зовж үг, үйл хэргээрээ түүнийг аварч хамгаалахад хувь нэмрээ оруулж явсных нь төлөө Валентин Распутинд монголчууд бид хүндэтгэл үзүүлэх ёстой билээ.

Байгалийн хөдөлгөөний олон улсын уулзалт эхлэхийн өмнөхэн энэ арга хэмжээг санаачлагч, уг хөдөлгөөний хавсарсан дарга, “Ардын Эрх” сонины нэгдүгээр орлогч Ц.Балдорж надад нэг хүндтэй үүрэг өглөө. “Валентин Распутин маргааш Улаанбаатарт бууна. Түүний тухай нийтлэл сонинд хэрэгтэй байна” гэв. Эрхлэгчийнхээ даалгавраар сонинд бичсэн нийтлэлийг дор товчлон сийрүүлэв. Түүнтэй үзэл бодол ойр явсан хүмүүс, “Өнөөдөр” сонины уншигчид, сэтгүүлчдийн хүндэтгэл болог. Бал эрхлэгч маань Валентин Григориевичтэй Орос, Япон, Армян, Киргизид олонтоо уулзаж, хурал зөвлөлгөөнд хамт оролцож, Монголдоо хоёр ч удаа түүнийг хүлээн авч дотноссон хүн байв. Тэр өнөөдөр байсан бол түүний тухай халуун дотно зүйл ихийг өгүүлэх байсан нь мэдээж.

ХӨВСГӨЛ НУУР ХҮН ТӨРӨЛХТӨНД ГАНЦ Л БАЙНА ...

Монголын Хөвсгөл далайн хувь заяа хэдэн жилийн өмнөөс санааг минь зовоож эхэлсэн. Тэгээд ч “Байгалийн хөдөлгөөний” Хөвсгөлийн уулзалтад оролцохоор өнөөдөр хүрэлцэн ирж байна. Амьдралын хамгийн хурц, эмзэг асуудлыг сэтгэл сэрхийтэл хөндөж түүнийг гайхалтай энгийнээр өгүүлсэн “Эцсийн мөч”, “Насаараа дурсаж яваарай”, “Эх газартай хагацсан нь”, “Түймэр” зэрэг нэрд гарсан туужаараа тэр хүн байгалийн харьцааг хөндсөн нь тохиолдлын хэрэг биш. Хүмүүс байгаль ээждээ хатуухан хандаж хөнөөж байгааг тэр зүгээр харж тэсэж сууж чадахгүй “хашгирч” байсан. Байгал нуурын эрэгт цаас, хуванцрын том үйлдвэр барьж, ой модыг нь огтолж, усыг нь хаягдлаар бузарлаж эхэлсэн 20 жилийн тэртээгээс “Та нар юу хийж байгаагаа ухаараач дээ!” гэж дахин дахин сануулж байжээ. Бичсэн зохиол, нийтлэл бүр нь зөвхөн Байгал нуур төдийгүй байгаль эхийг хамгаалах хайрлахын сануулга байсан.

Харамсалтай нь түүнийг үл тоомсорлосноос нуурын усны найрлага, ой мод, ургамлын аймагт сөрөг өөрчлөлт орж, ан амьтан нь дайжиж, зарим шувуу мөхөх аюулд оржээ. Өнөөдөр энэ өөрчлөлтийг зогсоох, амьтны аймгийг аврахын тулд үйлдвэр барьснаас олон дахин илүү зардал гаргахад хүрээд байна. Байгал нуур Валентин Распутины хувьд манайхны хэлдгээр унасан газар, угаасан ус нь билээ. Түүнийгээ аврахын тулд ёстой л хөлөө хүрэх газар хүртэл явсан даа. Тэгээд ч багагүй ажил өрнөсөн. Нуур аврах хөдөлгөөн Зөвлөлтийн төдийгүй олон улсын чанартай үйлс болов. Япон, Америк, Зөвлөлтийн нэрт зохиолч, сэтгүүлчдийн анхны уулзалт Байгал нуураас эх авч, Армений Севан, Японы Бива нуурт дуу хоолойгоо цуурайтуулан түгшүүр зарлаж, одоо далай ээж Хөвсгөлийн маань эрэгт ирж байна. Валентин Распутины анх санаачилсан энэ хөдөлгөөн ингэтлээ тэлж буй нь түүний “Газар дэлхий ч бидэнд ганц” гэдэг үзэл бодлынх үргэлжлэл биз ээ.

Эрхүүд анх түүнтэй уулзаж Хөвсгөлийн талаар яриа өдөхөд Валентин Григорьевич “Үнэхээр л бид чинь газар дэлхий гэдэг ганц л гэртэй хүмүүс шүү дээ. Хөвсгөл нуур ч хүн төрөлхтөнд ганц л байна” гэж сэтгэл хөдлөм сайхан хэлж билээ. Нуур усаа гэсэн нутгийнхныхаа сэтгэлийн зовнилыг өчиж тэр хүний бодол саналыг багагүй сонссон. “Хүн байгалийн харилцаа өнөөгийн хурц асуудал болж байна. Хамгийн их сэтгэл түгшээж байгаа нь хаа хаагүй манайд ч, Монголд ч хэрэглээг бишрэн шүтэгчид, технократууд, Чингиз Айтматовын нэрлэдгээр манкурт хэмээх бодлогогүй хүмүүс элбэгшжээ. Гол мөрөн, нуур цөөрөм олон арваараа ширгэн хатаж, ухаангүй хэрэглээний маань уршиг эргээд л биднийг шийтгэж байна” гэж сэтгэл зовнингүй ярьж суусан. Түүнээс хойш багагүй хүгацаа өнгөрсөн ч Валентин Распутины сэтгэлийн зовнил огтхон ч нимэгрээгүйг энэ жил Москвад уулзаж ярилцах завшаан тохиосон тэр өдрүүдэд мэдэрч билээ. Тэр сэтгэлийн элдэв хөдлөл хөөрөлгүй, нөгөө л намуухан аясаараа жигдхэн ярина. Үг яриа нь төрх шиг нь тун ч даруухан. Уулзах бүртээ энэ нэрт зохиолчийн эгэл дарууг би биширсэн. Ойтой болов уу гэмээр зээ охиноо тэвэрчихээд хаалгаа нээн зогсож байсныг нь бодсон ч, Москвагийн нэгэн хэвлэлийн газар уулзахаа ярилцах газар олж ядан хулгаж байсныг нь санасан ч ингэж л хэлэхээс өөр аргагүй. Бидний тэр удаагийн яриа бас л газар дэлхий, нуур ус, түүнийг хайрлах, хамгаалах сэдэвтэй байлаа.

-Хэдэн жилийн өмнө магтан гайхуулж байсан Братскийн усан цахилгаан станц, гацаа тосгоныг нүүлгэсэн их үйлдвэржүүлэлт бидэнд юу өгөв? Өнөөдөр хотын орчин үйлдвэрийн утаа тортог, элдэв хаягдлаар хордож гүйцлээ. Нисэж яваа шувуу хиншүү, хярвасанд хордсондоо гэнэт үхэдхийн унадаг болжээ. Тэнд хүүхдийн эндэгдэл хамгийн хоцрогдсон орны хэмжээнд хүрлээ. Манай эдийн засаг байгаль орчноо хамгаалахад ингэж л “хэмнэлт” гаргажээ. Түүгээр нь диваажин барьсан ч хүрэлцээтэй болсон байх. Харин хаана тийм цэвэр ариун газар олох вэ? гэдэг л хүнд байх гэж Валентин Григорьевич ярьсан. Тэрхэн мөчид би манай орны хувьд ч уул уурхайн хамтын олборлох үйлдвэрүүд ажиллаж, ихэнхдээ ил аргаар үйлдвэрлэлээ явуулж жилдээ олон сая тонн газар шорооны ажил хийдгийг бодож суув. Oлборлох үйлдвэрүүдийн ухан авч буй газар шороог хүний махбодиoс хэсэг хэсгээр нь өмлөн авч байгаатай адилтгаж болмоор. Энэ санаагаа түүнд өгүүлэхэд

-Монголын тухай их ч сонссон. Виктор Астафьев танайхаас өндөр сэтгэгдэлтэй буцаж ирснийг Эрхүүд анх уулзахдаа би танд ярьснаа санаж байна. “Онгон байгалийн хүч чадлыг Монголын говьд л би ойлголоо” гэж байгалийн сайхныг нарийн мэдэрдэг тэр зохиолч догдолж байсан нь Монголын тухай ярих бүрт надад бодогддог юм. Ер нь би танай нутгийг Астафьевийн хэлсэн шиг л онгон дархан гэж санаж явсан. Гэтэл тиймгүй, бас ч хайр халамж “гуйж” буйг цэнгэг уст Хөвсгөл нуураа “Байгалын хөдөлгөөнд” хамруулах болсноос эхлээд ойлгох болов. Японы Бива нуурт болсон уулзалтад танай зохиолч Ц.Балдорж оролцож үг хэлсэн. Тэндээс ихийг шинээр мэдлээ. Нуур орчны нутгаас фосфор олборлохын аюул их ээ. Бид зөвхөн өнөөг биш ирээдүйгээ, үр удмаа бодох ёстой.

Ер нь газар нутгаас эрдэс, баялаг олборлоход зохистой харьцаа, байгалийн нөхөн сэргэх боломжийг юуны түрүүнд анхаарах хэрэгтэй юм. Манай эрдэмтдийн тооцоолсноор бид жилдээ 252 сая тонн хүдэр олборлож байна шүү дээ. Ингэж л ухаж, тасчиж байгаа болохоор эх дэлхий маань заримдаа “шархны халуун” болсон хүнтэй адилхан санагдах юм гэж хэлээд санаа алдав. Газар дэлхийнхээ төлөө өр өвдөн бухимдаж буй энэ хүний сэтгэлийн зовнил цаг ямагт тэмцэл болон хувирч байсан. Тэмцлийнх нь үр дүн ч шууд, шууд бусаар гарсаар л... Бүр ойроос эхлэхэд Байгал нуурын эрэг дэх үйлдвэрийн зориулалтыг өөрчлөх, мөн Байгалын сав газрыг дархан цаазтай болгох, тэнд шинээр ямар ч үйлдвэр байгуулахгүй байх талаар Засгийн газрын тогтоол шийдвэр гарч хэрэгжиж буйг хэлж болох юм. Гэвч тэр үүнд тайвшраагүй. Түүний тэмцэл зөвхөн төрсөн нутаг нуга, Зөвлөлт эх орноор нь хязгаарлагдахаа больсныг түүний сүүлийн үеийн хурц нийтлэлүүд, хоног дарсан аяллууд бэлээхэн илтгэж байна.

-Үйлдвэр, техникийн хөгжил эрчимжсэн өнөө үед хүн байгалийн харьцаа, газар нутгийн хоорондын уялдаа хамаарал улам их болжээ. Байгал, Хөвсгөл нуурын хувьд ч тийм. Тэгэхээр дахин давтагдашгүй хоёр нуураа, түүний судас болсон гол мөрнөө хайрлаж хамгаалах явдал бид бүхний үүрэг гэж анх уулзахад хэлж байснаа Валентин Распутин цагийн уртад мартсангүй. Ажил төрөл, үйл явдал буцалсан их гүрний Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний цаг заваар тарчиг өндөр хариуцлагатай албаа ч, байнга л мөч хором нэхэж байдаг зохиол бүтээлээ ч түр орхиод аврал эрсэн Хөвсгөл нуурыг маань зорин ирж байгаа нь баярлууштай.

Д.Цэдэн-Иш “Ардын Эрх” сонин. 1990-VII-31

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД