ЖЕЙМС АНДЕРСОН: ӨР ТӨЛӨХ ЧАДАМЖТАЙ БАЙХЫН ТУЛД ОДООНООС ХИЧЭЭЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

2015 оны 02 сарын 16

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсонтой ярилцлаа.

-Энэ нь таны Монголын хэвлэлд өгч буй анхны ярилцлага гэж сонссон. Улс төр, эдийн засгийн хүрээллээс гаднах монголчуудад та төдийлэн танил болж амжаагүй. Тиймээс та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Би АНУ-ын Мэриландын их сургуульд суралцаж эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Монголд 1993 онд анх хөл тавьж байлаа. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар Монгол Улсад хэрэгжсэн төслийн багт ажилласан. Зах зээлийн эдийн засгийн мэдлэг олгох зорилгоор хэрэгжүүлсэн төсөл байсан юм л даа. Дөрвөн жил ажиллаад, төсөл 1997 онд дууссан. Энэ хугацаанд сургалтаас гадна судалгааны ажил мөн хийсэн. Тухайлбал, Монгол Улсад тухайн үед өргөн хүрээтэй хэрэгжиж байсан хувьчлалын үйл явц, мөн албан бус эдийн засгийн нөлөөллийн үр дүнгийн тухай судалж байлаа. Үүний дараа арав орчим жил Төв болон Зүүн Европын орнууд, мөн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад ажилласан. Засаглал, авлигатай тэмцэх чиглэлээр тэдгээр оронд, харин Монголд ирэхээс өмнөх зургаан жилд Вьетнам улсад ажилласан. Монголд дахин ирсэндээ маш их баяртай байгаа.

-20 орчим жилийн өмнөх үетэй харьцуулахад өнөөдөр ямар өөрчлөлт танд мэдрэгдэж байна вэ?

-1993 онд Монголд ирэхэд эдийн засгийн нөхцөл маш хүнд байв. Гэхдээ сайхан зүйлүүд ч байсан. Шинэ Монгол Улсыг, шинэ байгууллагуудыг, шинэ тогтолцоог бүрдүүлэхэд оролцож байна гэдэг утгаараа их бахархалтай байсан. Тухайн үед ирээдүйд, олон жилийн дараа үр дүнгээ өгөхүйц шинэ байгуулал, бүтцийн эхлэлийг тавьж байсан учраас чухал үе байлаа. Энэ сайхан дурсамжийг бий болгосон газарт 17 жилийн дараа дахин ирж, ямар өөрчлөлт гарсан, ард иргэдийн амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн зэргийг өөрийн нүдээр харах болсондоо их баярласан. Ингээд харахад маш олон өөрчлөлт гарсан байна. Энд ажилладаг гадаадын хүмүүсээс би “Та нар “байхгүй” гэдэг үг мэдэх үү” гэж асууж хошигнодог. Тэд тийм үг сонсоогүй гэсэн. Миний хувьд Монголд ирээд анх сонссон үг бол “байхгүй”. Тэр үед дэлгүүрт ороход дэлгүүрийн лангуун дээр бараг юу ч байхгүй, бараа байна уу гэж асуухаар байхгүй, тог байхгүй, ус байхгүй гэж хэлдэг байлаа. Харин одоо бол бүх юмыг “байгаа” гэж хэлдэг болжээ. Маш олон бараа, үйлчилгээ бий болж, үйлчилгээний чанар ч сайжирсан байна. Мөн нүдэнд туссан өөр нэг өөрчлөлт бол миний харьцсан бүх хүн, тухайлбал, төрийн байгууллага, сэтгүүлчид, үйлчилгээний газруудын ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, мэдлэг, соёлын түвшин хамаагүй дээшилжээ. Энэ хугацаанд хүмүүс их зүйл сурч мэдэж, мэдлэг, чадварын хувьд сайжирсан байна гэсэн үг. Гэхдээ дордсон зүйл бас байна. Тухайлбал, замын хөдөлгөөн, агаарын бохирдол 1993 онд ийм байгаагүй. Харин Монголын хөх тэнгэр, өргөн уудам нутаг, хүмүүсийн зочломтгой, найрсаг зан чанар өөрчлөгдөөгүй, хэвээр байна.

-Дэлхийн банкийг төлөөлөн ажиллаж буй хүний ажил мэдээж амаргүй. Гэхдээ заваараа заавал очиж үзнэ гэж төлөвлөсөн газар Монголд бий юү?

-Мэдээж хотоос гарч хөдөө аялахыг хүсдэг. 1990-ээд онд Монголд байхдаа би 12 аймагт очиж үзсэн. Дорнод аймгаас авахуулаад баруун гурав, мөн төвийн бүсийн хэд хэдэн аймагт очсон. Одоо ч гэсэн тэр газруудыг дахин үзэхийг хүсдэг. Энэ бүх аймаг өөрийн гэсэн онцлогтой, ялгаатай, гэхдээ сайхан нутаг. Үзээгүй газруудаараа очихсон гэсэн бодол бас бий.

-Монгол Улсын эдийн засгийн сэдэвт яриагаа хандуулъя. Засгийн газраас эдийн засгаа сайжруулахын тулд авч буй арга хэмжээний талаар та ямар бодолтой байна вэ? Өнгөрсөн долоо хоногт өрийн таазыг өсгөлөө.

-Эдийн засгийг сайжруулахад шаардлагатай арга хэмжээг авч цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой гэдгийг төр түшиж буй эрхмүүд ойлгосон байна. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр нэлээд эерэг өөрчлөлт харагдсан. Тухайлбал, өмнөх хэдэн жилд төсвөөс гадуурх зардлыг тооцдоггүй, ярьдаггүй, энэ талаар Засгийн газар хариуцлага хүлээхгүй мэт байдлаар хандаж байсан бол одоо тэдгээрийг төсөвт тусгасан нь чухал алхам болсон. Төсвийн гадуур эргэлдэж байсан хөрөнгө, зардал, ялангуяа өрийн хэмжээг төсөвт суулгаж өгснөөр илүү цэгцтэй, ойлгомжтой төсөвтэй болгох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Харин өрийн таазыг нэмэгдүүлсэн нь улсын төсвийн орлого, зардал ямар байсныг үнэн зөвөөр мэдэх боломжийг олгож байгаа. Мөн болгоомжтой хандах ёстой зүйлүүд бий. Төсвийн алдагдлыг бууруулахдаа ямар арга хэрэгсэл ашиглах, мөн мөнгөний бодлогыг хэрхэн авч явах, тухайлбал хэт их мөнгө зах зээлд оруулснаар ямар сөрөг үр дагавар авчирч болох вэ гэдгийг бодох ёстой. Олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон бондын томоохон өрийг Монгол Улс хэдхэн жилийн дараа төлж эхэлнэ. Тэгэхээр тухайн үед эдийн засгаа чадамжтай байлгахын тулд маш их хичээж ажиллах цаг одоо ирсэн байна. Төсвийн болон мөнгөний бодлогыг оновчтой байлгахаас гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт татахад анхаарах шаардлагатай. Мөн алсын хараатай бодлого боловсруулж төлөвлөх нь чухал. Энэ үүднээс засаглалын шинэтгэлийн асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Монгол Улс ардчиллыг хөгжүүлж байгаа орон. Гэтэл төрийн албан хаагчдыг богино хугацаанд сольж, сэлгэж байгаа нь санаа зовоож байгаа. Түүнээс гадна эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг хэтэрхий доройтуулахгүй байх нь чухал. Эдийн засгийн хүндрэлтэй үед энэ хүмүүс хамгийн хүнд байдалд ордог учраас илүүтэй анхаарах учиртай. Тодотгож байгаа эдгээр асуудлын тухай төр засгийн удирдлагууд нэлээд сайн ярилцаж байна. Асуудлыг хэрхэн шийдэх талаар санал бодлоо солилцож байгаа нь зүйтэй.

-Засгийн газраас саяхан иргэдийн дунд санал асуулга явуулсан. Томоохон төслүүдээ шийдэх, зардлаа багасгах гэсэн хоёр сонголтын эхнийхийг монголчууд сонгосон. Энэ нь хэр зөв сонголт гэж та үзэж байна вэ?

-Миний бодлоор ард иргэдтэйгээ ойр байж, шийдвэр гаргахдаа иргэдийг оролцуулах, тэднийг идэвхжүүлэх талаасаа энэ нь зөв алхам. Эс бөгөөс засаг төр бидний амьдралыг яаж сайжруулах бол гээд ард иргэд идэвхгүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй болдог. Аль нэгийг нь сонгох ёстой байсан ч гэсэн эдгээрийг хоёуланг хийх ёстой гэдгийг монголчууд ухамсарласан байх аа. Мэдээж богино хугацаанд бүсээ чангалах шаардлага бий. Гэхдээ удаан хугацаагаар ингэж явах боломжгүй учраас томоохон төслүүдийг идэвхжүүлэхэд ач холбогдол өгч, цаг алдахгүй байх нь чухал гэж хүмүүс үзсэн байна. Том төслүүдэд эдийн засгийн асар их боломж бий. Зөв зүйтэй, шударга, ил тод байдлаар хэрэгжүүлж чадвал үр дүн нь гарах юм. Хэдэн жилийн дараа Монгол Улсын эдийн засаг дахин хөгжих, цэцэглэх боломж гарна. Энэ үедээ монголчууд хүнд хэцүү үеийн туршлагаа мартаж болохгүй. Тухайлбал, мөчлөгийн эсрэг бодлого хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого өндөр байх жилд мөнгөө хуримтлуулснаараа хүнд хэцүү үе тохиолдоход түүнийг даван туулах чадвартай байх юм. Энэ сургамжийг авсан гэж бодож байна.

-Гадаадын хөрөнгө оруулагчид дайжаад гараад явчихлаа. Тэднийг эргүүлж татах хамгийн чухал алхам юу вэ?

-Өнгөрсөн цөөн жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмж буурсан гэдэг нь үнэн юм. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өмнө нь бага байснаа ганц, хоёрхон жилд л өндөр хэмжээгээр өссөн гэдгийг анхаарах нь зүйтэй. “Оюутолгой” болон уул уурхайн бусад төсөл хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор богино хугацаад нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулагчийн нүдээр өөрсдийн нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж чадвал таатай орчин бүрдүүлж чадах байх. Хөрөнгө оруулагчид юу хүсдэг вэ гэхээр тогтвортой, урьдчилан таамаглаж болохуйц нөхцөл байдал, шударга хандлага, ил тод байдлыг хүсдэг. Дүрэм, журмаа байнга өөрчилж, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй, тодорхой бус орон гадаадын хөрөнгө оруулагчдын нүдэнд таатай харагдахгүй. Мөн тухайн улс орны бизнесийн орчин энгийн, ойлгомжтой, ил тод байх нь чухал. Одоогийн Засгийн газар дээрх зүйлсийн ач холбогдлыг сайн ухамсарлаж байгаа юм болов уу. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн орчныг сайжруулах, боловсронгуй болгохоор хүмүүстэй нээлттэй харилцдаг болсон байна. Энэ үйл явц нэлээд удаан хугацаанд үргэлжлэх байх. Энэ явцад ялангуяа бизнес эрхлэгчдийн санал бодлыг сайтар сонсож, шийдвэрээ уялдуулах нь зөв болов уу. Гэхдээ зөвхөн гадаадын төдийгүй Монголын хөрөнгө оруулагчдыг сайн сонсож, бизнесменүүдтэй ойр байх нь чухал.

-Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл хямрал мөн үү?

-Эдийн засагчид ийм нөхцөл байдлыг хямрал гэж хэлэхгүй, эдийн засгийн өсөлт саарах гэж л нэрлэнэ. Аливаа улсын эдийн засгийн хөгжил бүрмөсөн зогсохыг хямрал гэж нэрлэнэ. Монголын өнөөгийн нөхцөл байдал бол хямрал биш. Уул уурхайн бус салбар хөл дээрээ төдийлэн бат зогсож чадаагүй, бэхжээгүй байгаа. Энэ нь уул уурхайн салбарт хүндрэл бэрхшээл учирсан үед эдийн засаг доройтох байдлыг нөхцөлдүүлж буй. Тийм учраас уул уурхайн бус салбаруудыг чадавхижуулах асуудал чухал. Ашигт малтмалын эдийн засаг бүхий орнуудыг бид мөчлөгийн эсрэг бодлого баримтал гэж байнга зөвлөдөг. Гэтэл Монгол Улс өнгөрсөн хэдэн жилд мөчлөгийн эсрэг бус, харин ч түүний дагуу бодлого баримталж ирсэн. Төсвийн орлого их үед түүнийг дагаад зардлаа нэмэгдүүлж байсан. Дээрээс нь өндөр хүүтэй зээл авсан. Тиймээс дараагийн удаа мөчлөгийн эерэг үе ирэхэд аль болох болгоомжтой хандаж, мөнгөө арвижуулах, хадгалах талаар анхаарна гэж найдаж байгаа.

-Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвийг хэрхэн үзэж байгаа вэ?

-Олон улсын туршлагаас харахад ийм хүнд хэцүү байдал үүсэж, түүнийг даван туулаад эргээд өсөлтийн замд орно гэдэг богино хугацаанд амархан хийх зүйл биш. Ойрын хэдэн жилд дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэд төдийлэн эерэг хандлага харагдахгүй байна. Гэхдээ би ярилцлагын эхэнд хэлж байсан. Монгол залуус өндөр боловсролтой болж, сэтгэлгээний цар хүрээ нь өргөжин тэлж байгаа учир энэ нь ойрын үед амьдралд бодит үр өгөөжөө өгөх болов уу.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

Б.ЦЭЦЭГСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД