Раднаагийн хүү, Л.Мөрдоржийн “найз”

2014 оны 11 сарын 20

  Монгол циркийг үндэслэн байгуулагч Ж.Раднаабазарын хүү соёлын гавьяат зүтгэлтэн Р.Энхбазартай ярилцлаа. “MN25 дугаар суваг” телевизийн ерөнхий редактор, хөгжим судлаач Р.Энхбазарын “Дэлхий ээж”, “Энх өглөө”, “Манайд ирээрэй”, “Залуусын уулзалтын дуу” зэрэг олон дууг уншигчид маань сайн мэдэх биз ээ. Цирк хэмээх урлагийг монголчуудын танил болгосон аавын хүү хожим нь урлагийн салбарт хүчин зүтгэж, сонсогч, үзэгч, уншигчдыг хөгжимд ойртуулах, соён гэгээрүүлэх ажлыг олон жилийн турш үр бүтээлтэй хийсэн байх юм. Саяхан Р.Энхбазар ах гавьяаныхаа амралтыг эдлэхээр ажлаа түр хойш тавьж Зүүн салаан дахь зуслангийн байшиндаа төвхнөөд байна. Агаар салхинд, амар тайван байж, бас хийсэн бүтээснээ тунгаан амрах эрх түүнд бий. Шинэ оны босго давахад түүний 70 насны ой тохионо. Өдий хүртэл тэрбээр амралтгүй ажиллаж, хөгжим хүн хоёрын дунд гүйсэн байх нь. Түүний яриаг хүргэе.

-Та радио, телевизэд нийт хэдэн жил ажилласан бэ?

-Би 1976 оноос Монголын радио өргөн нэвтрүүлгийн хөгжмийн редакцид ажиллах болсон. 1975 онд Уралын хөгжмийн дээд сургууль төгсөж, нэг жил ХБК-д багшилсан юм. Түүнээс хойш өдий хүртэл радио, телевизэд ажиллалаа.

-Саяхныг хүртэл таныг ажил дээрээ байхыг харж байсан. Гэтэл амралтаа эдлэхээр төвхнөөд амжжээ.

-Одоо залуус хийг дээ. Хүүхдүүд маань хөгшин бид хоёрыг эрүүл агаарт байг гээд байшин барьж өглөө. Агаарт бай гэж байгаа нь ижий, аав хоёроо урт наслуулахыг хүссэн хэрэг байх.

-Та хэдэн хүүхэдтэй билээ?

-Хоёр хүүтэй.

-Та ах дүү олонтой байх аа?

-Зургуулаа.

-Аав, ээж, ах нь гээд олон хүн гавьяат жүжигчин, эмч, тамирчин цолтой. Та отгон гавьяат нь билүү?

-Аав минь гавьяат жүжигчин болтлоо зүтгээд циркийг байгуулсан. Ээж минь гавьяат эмч болтлоо зүтгээд Монголын рашаан сувиллын эмчилгээг хөгжүүлсэн. Эхнэр маань балет балет гэж зүтгэсээр гавьяат багш болж, өдий хүртэл ХБК-доо ажиллаж байна. Хүргэн С.Магсар бас гавьяат. Том ах маань уулын спортын тамирчин, гавьяат Зориг. Отгон нь би болж, долдугаар сарын 9-нд соёлын гавьяат зүтгэлтэн боллоо.

-Таны том эгч, хөгжмийн зохиолч Мааяа том шагнал хүртээгүй ч олон хүн уран бүтээлийг нь мэддэг, бас нэгэн гавьяатан шүү дээ.

-“Таксийн цоохор”-ын Мааяа гээд хүмүүс сайн мэднэ ээ.

-Хүүхдүүдээс тань урлагийн замд хөтлөгдсөн хүн байна уу?

-Үгүй дээ. Аавыг дагаж би энэ салбарт удаан ажиллалаа. Өөр хүн ч алга даа.

-Хэдэн жилийн өмнө Ж.Раднаабазар гуайн мэндэлсний 100 жилийн ойгоор таны дүү Р.Нарантуяа их сайхан ном гаргасан байсан. Бас та тоглолт хийж, сан байгуулсан байх аа?

-Тийм ээ. Энэ ойд уран бүтээлээ өргөн барья гээд Монголын циркийн жүжигчдийн тоглолттой өөрийнхөө хэдэн дууг хамтад нь хүргэсэн. Сан байгуулж, би тэргүүнээр нь сонгогдсон. Одоо телевизийн ажлаасаа чөлөөл өгдс өн болохоор энэ сангийнхаа үйл ажиллагааг идэвхж үүлнэ. Монголын циркчид бидэнд элэгтэй ханддаг шүү дээ.

-Таны аавын нэрэмжит Циркийн сургуулийн 75 жилийн ой ирэх онд тохионо. Түүнчлэн тус сургуулийнхан А.М.Волошиний нэрэмжит циркчдийн тэмцээн зохион байгуулна гэсэн. Та энэ тухай дуулсан уу?

-Уг нь сургууль байсан юм. Одоо ХБК-ийн Циркийн тэнхим болсон. Сургууль хэвээрээ байсан бол сайнсан. Тэр тэмцээний тухай дуулсан. Бас юм бодоод л байгаа.

-Хуучин циркийн байрны хоёрдугаар давхарт, багш нарын өрөөнд таны аавын хөрөг зураг байдаг. Тэр зургийг хэн зурсан бэ?

-Тэр зургийн эх хувь нь манай гэрт байдаг юм. Буриадын алдарт зураач Мердыгеев аавыг аялан тоглолтоор очиход нь зурж дурсгасан гэсэн.

-Таны аав залуудаа буюу 35-хан настайдаа бурхан болсон гэсэн. Тэр үед та хэдэн настай байсан бэ?

-Хоёр настай байсан.

-Тэгэхээр аавынхаа тухай ээжээсээ бас найз нөхөд, уран бүтээлчдээс л сонсож, илүү мэддэг болсон уу?

-Ээжээсээ л их сонссон доо. Бас өөрийнх нь бичиж үлдээсэн тэмдэглэл, ээжид бичсэн захиа, цирк байгуулж байх үеийн баримтууд байдаг юм. Бас аавтай хамт ажиллаж, дотно нөхөрлөж явсан Л.Мөрдорж, Б.Дамдинс үрэн гуайгаас олон дурсамж сонсож байлаа.

-Алдартай хөгжмийн зохиолчид Раднаагийн хүүд арай өөрөөр ханддаг байсан байх даа.

-Найзын хүү гэдэг утгаар хандана. “Манай Раднаагийн хүү” гээд дотночлон ярина шүү дээ. Аав минь 35 настайдаа гавьяат болчихсон, Монголын циркийн урлагийг үүсгэн байгуулчихсан байж. Ямар агуу юм бэ. Тэгэхэд би 35 настайдаа юу хийж явсан бол. Түүхий хүүхэд л байсан байгаа.

-Гэхдээ таны зохиосон олон дууг Монголын ард түмэн даган дуулж, өдий хүртэл сонссоор байгаа. Та ч бас ихийг амжуулсан байх аа. Ялангуяа “Инээмсэглэл” хамтлагийн уран бүтээл таны нэртэй үргэлж холбогддог.

-Монголын радио өргөн нэвтр үүлгийн хороонд ажиллаж байхад “Инээмсэглэл” хамтлагийнхан гээд хэдэн дуулдаг залуус ирж, бичлэг хийлгэдэг байлаа. Тэр үед ганцхан радиод л бичлэг хийлгэх боломжтой байсан юм. Тэд Москвад оюутан байхаасаа хамтдаа дуулж эхэлж л дээ. Мөрөөдлөө биелүүлж хамтлаг байгуулсан юм билээ. Тухайн үед улс төрийн дууны хөдөлгөөн өрнөж, тэр цаг үед би радиогийн хөгжмийн редакцид байсан учраас залуусыг дэмжсэн. Миний хувь нэмэр гэж юу байх вэ дээ. Бичлэгийг нь хийж өгч байгаад яваандаа дуу зохиож өгсөн. “Атраас ирсэн комбайнч залуу, ажил сайн уу” гэж эхэлдэг “Залуусын уулзалтын дуу”-г зохиож өгсөн нь энэ хамтлагийн нүүр царай шахуу болсон юм уу. Нэг мэдэхэд л, тоглоом, шоглоомоор “Инээмсэглэл” чуулгын уран сайхны удирдагч гэдэг нэртэй болчихсон. Албан ёсны юм биш шүү дээ.

-Та үзэгч, уншигчдад хөгжмийг ойртуулах гүүр болон олон жил ажиллажээ. Одоо ийм мэргэшсэн хүмүүс ховор болчихсон юм шиг ээ.

-Би хөгжим судлаач мэргэжилтэй. Энэ мэргэжил олон салбартай. Хөгжмийн онолч, шүүмжлэгч, сурталчлан таниулдаг гэгээрүүлэгчид гэж хуваагддаг. Анх сургууль төгсөж ирээд шүүмж бичиж л байсан. Радиод ажилд орсноосоо хойш гэгээрүүлэгч чиглэлийг нь барьж авсан даа. Радиод байхдаа “Хөгжмийн эгшигт хайрцаг”, “Сонгодог хөгжмийн сан” гэдэг нэвтрүүлэг хийж байсан. Ийм нэвтрүүлэг хийж явсаар хагас боловсорсон сэтгүүлчирхүү болдог юм байна. 25 дугаар суваг телевизэд ирээд нийгмийн асуудал хөндсөн “Цонх” гэдэг нэвтрүүлэг хийсэн. “Дуугаар бичсэн түүх” гэдэг нэвтрүүлэгчтэй. Би Монголын нэртэй хөгжмийн зохиолчидтой уулзаж, ярилцаж явсан азтай хүн. Нэг үе Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Ж.Дорждагва, Н.Норовбанзад нартай уулзаж нэвтрүүлэг хийж байсан бол хожим нь тэд маань үгүй болж, эдгээр уран бүтээлчдийг хүмүүст таниулах ажил хийе гэж бодох болсон. Ингээд Магсархурцын Дугаржаваас эхлээд Сангидорж, Хангал хүртэлх хөгжмийн урлагийн гол төлөөллийг сонгон авч нэвтрүүлэг хийсэн дээ. Түүгээрээ одоо бахархаж явдаг юм. Радиод л ганцхан бичлэг хийлгэдэг байсан учраас энэ томчууд тэрүүгээр байнга эргэлдэнэ. Азаар би тэнд нь ажилладаг байлаа. Аавтай минь нэгэн үед ажиллаж байсан хүмүүс нь намайг дотночлон ярина. Тухайн үед хяналт ихтэй, хүссэн хүн бүр дуугаа бичүүлэх боломжгүй. Мартагдашгүй сайхан үе юм даа. Нэг мэдэхэд л уран бүтээлийн анд нөхөд болж, хааяа шил юм хуваагаад уучихдаг хувийн харилцаатай ч болж явлаа.

-Хэнтэй нь илүү дотно байсан бэ?

-Би жаахан хүүхэд болохоор найз гэж хэлэхгүй л дээ. Уран бүтээлийн анд гэж болно. Л.Мөрдорж гуайтай илүү дотно байсан. Аавын минь тухай надад их ярьж өгнө л дөө. Өөрөө жаахан балгачихна. Би том хүн дуурайж жаахан балгана. “Хөгшин залуу хоёр” гээд л хүмүүс ярьдаг байсан даа.

-Аавыг тань ямар хүн байсан гэж ярьдаг байсан бэ?

-Ер нь их зантай хүн байсан гэсэн.

-Зантай гэдэг нь...

-Зангарагтай гэсэн үг. Эр хүн шиг эр хүн байсан гэдэг юм. Миний дээд талын ахад Занаа гэдэг нэр өгөхдөө аав “Энэ чинь зантай хүний нэр” гэж хэлсэн гэсэн. Надад Энхбазар гэдэг нэр өгөхдөө “Энэ бол аавын нэрийн тал” гэж тайлбарласан гэсэн. Циркийн тоглолт тарчихаад Л.Мөрдорж гуайтай хамт гарч хятадуудын өндөр дааман хашааны гадна ирж зогсоод цуваа түүнд өгч бариулаад мөрөн дээр нь ганцхан гишгээд л хашаа даваад орчихдог байсан гэсэн. “Раднааг хашаа даваад оронгуут нохой нь гасалж, дааман хаалга онгойдог байлаа. Удахгүй Раднаа нэг галуун хүзүүт бариад гараад ирдэгсэн” гэж ярьж байлаа. Тэр үеийн луухаанууд циркийн Раднаа гээд ухаан алдчихдаг байсан гэнэ лээ.

-Олон талын авьяастай хүн байсан гэдэг. “Сүхбаатар” киноны зохиолыг бичсэн гэж дуулсан.

-Миний дүү Нарантуяагийн цуглуулсан материал дунд гар бичмэл нь байсан юм шүү дээ. Циркийн дарга байсан Ё.Доржсүрэн гуай ном бичнэ гэж тэр материалуудыг аваад, эргэж олдоогүй, үрэгдчихсэн юм. “Сүхбаатар” киноны зохиолыг бичсэнээс гадна кинондоо бас тоглосон. Сүхбаатар гамингуудад хөөгд өөд давхиж байхдаа эргэж хараад бууддаг даа. Тэр хэсэгт мориноосоо ойчиж байгаа трюкийг нь хийсэн гэж ээж ярьж байсан.

-Танай ээж хүчтэй эмэгтэй юм аа. 40 нас ч хүрээгүй байхдаа зургаан хүүхэдтэй бэлэвсэрч үлдээд, түүнээс хойш сургуульд сурч, хүүхдүүдээ асран, хожим нь Монголын түүхэнд үлдэх гавьяа байгуулсан байх юм.

-Тийм ээ. Хэлмэгдүүлэлтийн зовлонг үзэж хатуужсан эмэгтэй.

-Та нарын хүмүүжил бүгд л ээжээс тань эхтэй байх.

-Тэгнэ. Хүний хөгжил гэдэг цаг үе, нийгэм, чамайг хүрээлж байгаа орчин тойрноос хамаардаг. Намайг залуу байсан 1950-1960 оны нийгэм ямар байв. Ах, эгч, гэр бүлийнхэн хэрхэн аж төрж, юу хийж байв. Энэ бүхэн нөлөөтэй.

-Ж.Раднаабазарын хүүхдүүдэд улсаас үзүүлдэг тусгай халамж байсан уу?

-Хүүхэд бүрт 18 нас хүртэл нь 100 төгрөг өгөх тушаалыг Маршал Чойбалсан гаргасан гэсэн. Тэр мөнгө их нэмэр болж байсан гэж ээж минь ярьдаг. Ээж минь хүүхдүүдээ хүмүүжүүлж байна гээд загнаж, зандарч явсангүй. Хааяа л нэг үг хэлдэг байсан. Охиддоо хатуу, хөвгүүддээ зөөл өн хүн байсан даа. Түүнийг нь ч ойлгоход хэцүү биш. Нэг нөхөр нь буудуулж, нөгөө нь буюу манай аав яагаад ч нас барчихсан юм бэ дээ. Ойлгодоггүй ш дээ.

-Гомбо гуайтай хамт явж байгаад осолдсон гэдэг. Гэхдээ эргэлзээтэй зүйл байдаг юм уу?

- Янз бүрийн сэжиг таамаг байдаг ч ээж минь “Тийм зүйл битгий ярь” гээд хавьтуулдагг үй байсан даа. Ээжийг шоронд байцааж байсан мөрдөгч манайхыг нүүх тоолонд л манай байранд ирчихсэн байдаг байсан. Хожим нь ээж эмч болж Дотоод яамны эмнэлэгт ажиллаж байхдаа тэр хүнээ анагааж явсан. Сонин хувь заяа шүү. Занаа ах түүнд нь дургүй ааш гаргах гэхэд ээж хорьж байсан. Хүнд бүү муу сана гэж ээж минь үргэлж хэлдэг байсан. Ээжтэйгээ хамт байсан цаг үе хамгийн сайхан үе юм даа гэж одоо боддог шүү. Бид хэлэлцэж тохироогүй хэрнээ л амралтын өдрөөр ээжийнхээ гэрт цуглаж, хоол цай болон суудагсан. Одоо ч үр хүүхдээ сайн явааг нь харж, баярлаад, үүнээс илүү жаргал хаана байх билээ гэж бодож сууна даа.

Ж.СОЛОНГО