УЛСЫН ХАРЦАГА Э.ОЮУНБОЛД: Б.АДЪАХҮҮ БАГШ НАДАД БӨХӨӨС ГАДНА АМЬДРАЛЫН УХААНЫГ ЗААСАН

2013 оны 09 сарын 20

 Энэ жилийн наадмаар таван сайхан залуу улсын цолтны эгнээнд хүч түрэн орж ирсэн. Тэднээс нэгэн залууг ард түмэн онцгойлон хүлээж авсан. Учир нь тэрбээр өнгөрсөн жил 19 настайдаа аймгийн арслан болж, өнөө жил 20- тойдоо шууд улсын харцага цол хүртсэн юм. Түүнийг Энхтөгсийн Оюунболд гэдэг.

Түүхийн хуудас сөхвөл Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Сумъяабазар аваргууд, П.Дагвасүрэн, Х.Мөнхбаатар нарын арслангууд 19, 20 настайдаа улсын цолтны өнөр бүлд багтаж байлаа. Залуу насан дээрээ цолоо авчихвал цаашид түүнийгээ батлах, ахиулах боломж илүү олддог нь жам ёсны зүйл. Тиймдээ ч бөхийн хорхойтнууд 20 настай Оюунболдыг цаашид илүү сайн барилдана хэмээн итгэл хүлээлгэж буй.

Түүнийг “Аварга” биеийн тамирын дээд сургууль дээр бэлтгэл хийхээр ирээд байхад нь уулзаж ярилцлаа. 

-Сургуулиа төгссөн бил үү?

-Дөрөвдүгээр курсийн оюутан шүү дээ. Монгол Улсын начин Б.Адъяахүүгийн удирдлага дор үндэсний бөхийн, гавьяат дасгалжуулагч Х.Намшир, ОУХМ Ю.Гандолгорын удирдлагад чөлөөт бөхийн бэлтгэлээ базаадаг.

-Ангид чинь чамаас өөр тогтмол барилдаж байгаа хүн бий юу?

-Зөндөө. Манай ангид улсын харцага нэг, аймгийн заан нэг, аймгийн начин гурав, сумын заан нэлээн хэд бий. Ер нь манай ангийнхан хэн нь ч хэнийгээ хаяж мэдэх жигдхэн байсан. Аймаг, аймгийн шилдгүүд нь манай ангид орсон юм болов уу гэж боддог юм.

-Та нар багштайгаа таарчихаад толгой бөхийн мэндэлж байгаа харагдсан. Их сайхан уламжлал байна шүү...

-Тэгэлгүй яахав. Багштайгаа хүндэтгэлтэй харьцана. Бөхийж ёслох жаягтай. Энэ нь дулаан уур амьсгал мэдрүүлж байгаа юм шиг санагддаг. Заримдаа энгийн хүнтэй хүртэл тэгээд мэндэлчихнэ. Дээд курсийнхэн, том цолтой бөхчүүдтэй хүртэл ингэж ёсолдог юм.

-Шинэ харцага маань төрж өссөн нутаг ус, бага насныхаа талаар бидэнд сонирхуулаач?

-Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Энхтөгсийн ууган хүү болж 1993 оны гуравдугаар сарын 14-нд мэндэлсэн. Манай аав Дашдоржийн Энхтөгс гэж аймгийн начин хүн бий. Ээж Александрын Алимаасүрэн малын их эмч. Дүү маань дөрвөн настай. Аав адуучин байсан болохоор хар багаасаа адууны захад өссөн дөө. Хоёр настайгаасаа морь унаж эхэлсэн. Ээж ажилтай болохоор аавыгаа дагаад байнга явдаг байлаа. Манайх 1994 оны хавар нүүгээд Дэлгэрхаан суманд ирсэн. Тэнд долоон нас хүртлээ амьдарсан. Тэгээд сургуульд орохоор Өмнөдэлгэрт буцан ирсэн юм. 2005 оны намар хотод орж ирээд 84-р сургуульд орсон. Тэнд сурч байгаад ар гэрийн асуудлаас болж есдүгээр ангидаа нутаг руугаа буцсан юм. Буцаж ирээд “Аварга” сургуульд орсон. 2007 онд Б.Адьяахүү багш дээр ирснээс хойш өдийг хүртэл явж байна даа.

-“Аварга” дээд сургуульд ороход хэн нөлөөлсөн бол?

-Манай аймагт хүүхдүүдийн дунд “Аваргын гараа” барилдаан болдог. Тэнд нэг жил очоод олигтой барилдаж чадаагүй. Уначихаад сууж байтал Б.Адъяахүү багш ирээд “Миний хүү нутгийнхаа аваргын сургуульд явмаар байна уу” гэхээр нь “Эрж хайгаагүй ч гэсэн явах юмсан гэсэн хүсэл тэмүүлэл надад бий” гэлээ. Тэгсэн чинь “Чи тийм л дуртай юм бол шорт, футболка, солих пүүзтэй хүрээд ир” гэсэн. Тэгж ирээд бэлтгэл хийж эхэлсэн дээ.

-Багын ийм биерхүү байсан уу?

-Ер нь багын мяраатай хүүхэд байсан. Гэхдээ одоо бол томдоо орохгүй шүү дээ.

-Тууштай бэлтгэл хийгээд эхлэхээр хэцүү санагдах юм уу?

-Хүн чинь дуртай юмнаасаа салж чаддаггүй. Шантрах үе байсан ч гэсэн маргааш нь бэлтгэлдээ яваад ирнэ. Ер нь больё гэж олон хоногоор бэлтгэлээ тасалж байгаагүй. Гэхдээ дундуур нь бэртэл гэмтэл аваад хүнд байсан. Одоо гайгүй болж байна.

-Чамайг айхтар хүнд гэмтэл авч байсан гэж сонссон. Тэр талаараа ярьж өгөөч?

-2011 онд бэртээд дараа жилийнх нь нэг сараас барилдаж эхэлсэн дээ. Өвдөгний шөрмөс тасарсан юм. Солонгост очиж эмчлүүлсэн.

-Одоо бүрэн эдгэсэн үү?

-Одоо сайн эдгэсэн. Бурхан намайг их харж байх шиг байна даа. Гэмтлээ эдгээсний дараа 2012 онд аймгийн арслан боллоо. Энэ жил улсын харцага цолд хүрлээ. Сайхан байна аа.

-Аймгийн арслан цолыг хэн дуртай нь аваад байдаггүй. Харин өнгөрсөн жил 19 настай хүү очоод аймгийн арслан болчихсон. Тухайн үед аймгийн арслан цол санаанд багтаж байв уу?

-Тэр жил бэлтгэл маш сайн байсан. Олимп болох гээд Ж.Чулуунбат ахын бэлтгэлийг хангаж, Болгарт сар гаруй болсон. Наадам болохоос 10 хоногийн мөнө “Сүүж” ууланд багш дээрээ очсон юм. Хурдан морийг гардаж уядаг хүн байдаг даа. Миний багш бэлтгэлийг яг л тэгж тааруулдаг. Хэвтүүлэх үедээ хэвтүүлээд, ажиллуулах үедээ ажиллуулаад наадмын үеэр ирийг нь тааруулаад тавьдаг юм шиг санагддаг. Тэгээд явахад “За миний хүү аймгийн цол л авчихаад ир” гэсэн. Би ч дотроо аймгийн арслан болчихмоор санагдаад байдаг. Тийм болохоор багшийн хэлсэнд нэлээн дургүй байлаа. Гэхдээ багш тэгж хэлснээрээ миний ирийг дарж өгсөн юм билээ. Хэрвээ би тэр ирэндээ очоод барилдсан бол доогуур даваанд унах ч байсан юм бил үү. Багш миний сэтгэлийн хөөрлийг дарж өгсөн болохоор сайн барилдаж, Хэнтий аймгийн баяр наадамд найм даван түрүүлсэн. 19 настай анхны аймгийн арслан төрлөө гээд манай нутгийнхан их баярлаж байлаа.

- Өнгөрсөн жил Б.Адъяахүү багш уяа сойлгыг чинь сайхан тааруулжээ. Энэ жилийн хувьд ноднингийнх шиг байж чадсан уу? Наадмын дэвжээнд хийсэн барилдаануудаа дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-Дараа жилийн наадам даанч хол байна гэдэг худлаа юм билээ. Аймгийн арслан болсноос хойш бэлтгэлээ хийж, барилдсаар явтал нэг мэдэхэд дараа жилийнх нь зургаан сар гарсан байсан. Миний хувьд сүүлийн хоёр жил дараалж сайхан цол авлаа. Тэр болгонд миний бэлтгэлийг багш маань сайхан тааруулж өгсөн. Энэ дашрамд багшдаа маш их баярлаж явдгаа хэлье. Яаж тэгж тааруулдаг юм бүү мэд. Одоо тэг, ингэ, тийм мэх хий гээд зөвлөнө. Тэр хүний заавар зөвлөгөөгөөр явахад биеийн байдал сайхан болж, бэлтгэл жигдрээд ирдэг. Наадмын тухайд нэгийн даваанд сумын заантай таарна гэдгээ мэдэж байсан. Хоёрын даваанд залуу начингуудын аль нэгтэй таарах магадлал маш өндөр байсан. Санги ахтай таарах болов уу, зөрвөл ганц нэг л зөрөх байх гэж тооцсон. Тэгээд яах аргагүй таарсан л даа. Унасан ч харамсах зүйлгүй байя гэж бодоод барилдсан. Тэгээд аз таарч хаясан. Гурвын даваанд Б.Чинзориг начинд амлуулаад хаясан. Дөрвийн даваанд Д.Ганхуяг арслан, тавд И.Доржсамбуу гарьд, зургаад Т.Санчир заантай барилдаад хаясан. Ингээд харцага болсон доо. Дотроо бол улсын цол авчихмаар л санагдаад байсан. Ер нь хоёрын даваанд Санги ахыг хаяад өөртөө итгэлтэй болсон доо. Заан цолны төлөө тэмүүлж байгаа бөхтэй ийм барилдаан хийсэн юм чинь цаашаа хэнтэй ч барилдаж болох юм байна гэж бодогдсон. Манай нутгаас 13 жилийн турш шинэ цолтон төрөөгүй. Тиймээс нутаг усныхан, багш, аав ээжийгээ баярлуулья гэж их хичээсэн л дээ.

-Улсын цол горилж байгаа залуус наадмын үеэр биеэ бариад үндсэн барилдаанаа гаргаж чаддаггүй гэж олон бөхөөс сонсож байлаа. Харин чиний хувьд гайгүй юм шиг...

-Тэр бол хүний дотоод сэтгэлийн хүч байх. Ер нь бөх гэдэг эр зоригийн халз тулаан биз дээ. Тиймээс зоригтой л хандахгүй бол бусдад дарагдана. Би энэ чанарыг Д.Дагвадорж аваргаас суралцсан юм. Дагваа аварга өрсөлдөгч рүүгээ муухай харж, зүрхийг нь үхүүлдэг. Би муухай харж чадахгүй ч гэсэн хөмхийгөө зуугаад л дайрдаг.

-Түүнтэй барилдаад давсан гэж ярих амархан. Гэхдээ тухайн үед асар их баяр, хүч шавхсан нь тодорхой. Ер нь наадмын дэвжээнд хийсэн барилдаануудаас хамгийн хүнд нь аль байв?

-Дөрвийн давааны барилдаан их чанга болсон. Туршлагатай, хүндэлж явдаг бөхтэйгөө барилдахад эвгүй санагдаж байлаа. Хэдийгээр би хүндэлж байгаа ч гэсэн заавал давна гэсэн бодолтой гарсан.

-Долоогийн даваанд хийсэн барилдаанаа дурсвал?

-Зааны даваанд багшийнхаа хэлсэн үгнээс зөрсөн учраас унасан. Би дотроо сайхан задгай барилдана гэсэн бодолтой байдаг. Харин Адъяахүү багш “Унах нь хамаагүй. Хамаг юмаа дуустал үзнэ шүү” гэсэн. Гэвч би сэтгэлийн хөөрлөөр задгай барилдаад унасан л даа. Г.Эрхэмбаяр аварга бол жудагтай, үнэхээр сайн бөх. Миний хувьд хаявал хаяна, унавал унана гээд гарсан. Үнэхээр дийлээгүй ээ.

-Уначихаад багшдаа загнуулсан уу?

-“За яахав. 20 настай юм гэж тайвширъя даа. 25-тай байсан бол цохиод унагаачихмаар байлаа” гэсэн (инээв).

-Хэнтийчүүд 2000 оноос хойш шинэ цолтноо хүлээж байлаа. Энэ хүлээлтийг эцэс болгосон гэхээр сайхан санагдаж байв уу?

-Сайхан байсан. Зургаагийн даваанд давчихаад инээд хүрлээ. Туг тойроод явж байхад нутгийн минь уул, ус түшлээ гэж бодогдсон. Би тавдугаар сард Бурхан халдун ууланд мөргөх гэж Мөнгөнморьтоос мориор явсан юм. Талдаа 40, ирж очихын 80 км газар. Шавартай болохоор машин явахгүй. Энэ саадыг давчихвал бүх юм чөлөөтэй гэж бодогдоод цуг явж байсан ах нартайгаа морь хөлслөөд гараад давхичихсан. Тэгээд очиж идээ будаагаа өргөж, хүслээ шивнээд ирсэн юм.

-20 настай залуу улсын харцага цол хүртлээ. Тиймээс олон хүн чамайг цолоо ахиулж, өндөр амжилтад хүрэх бөхөөр нэрлэдэг. Энэ их найдвар өөрт чинь дарамт учруулж байна уу?

-Ард түмний итгэл найдварыг алдах хэцүү. Алдахгүйн тулд бэлтгэлээ л сайн хийх хэрэгтэй гэж боддог. Би ард түмэндээ амлалт өгч чадахгүй. Харин хичээх болно гэдгээ хэлье. “Миний хүү тийм цол авах ёстой шүү” гэхэд нь “За” гэж хэлэх хэцүү. Харин “Хичээнэ ээ” гэж хариулдаг. Хэрвээ “За” гэчихээд түүндээ хүрч чадахгүй бол худлаа ярьсан болно биз дээ.

-Чи их цэгцтэй, сайхан ярих юм. Бүр яриулаад баймаар санагдчихлаа . Ингэж ярих чадварыг хэрхэн эзэмшсэн бэ?

-Мэдэхгүй ээ (инээв). Би ер нь их ичимхий хүүхэд байсан. Хүний өөдөөс юу ч дуугарч чаддаггүй байлаа. Харин бэлтгэл сургуулилт хийгээд, ийш тийшээ яваад ирэхээр нүүр хагарсан л даа. Ер нь миний өдий зэрэгтэй яваад Адъяахүү багшийн нөлөө маш их бий. Багш маань зөвхөн барилдахыг биш, яаж амьдрах, яаж ярих вэ гээд бүгдийг заадаг байлаа. Би ахмад хүмүүсээс үг сонсох дуртай. Ахмад настан, том цолтой бөхчүүд, эрдэмтэй хүмүүс юм яривал би дуугүй сонсож суудаг. Тэдний яриан дундаас ярилцах урлагт дөртэй болсон юм болов уу.

-Хүн хэдий бэлтгэл сайтай байлаа ч мэх, бяргүй бол амжилтад хүрэхгүй. Чиний хувьд мэх, барилдааны арга барилаа хэдийнээс өөрийн болгож авсан бэ?

-2010 оноос бэлтгэл маань жигдэрч эхэлсэн. Дараа жил нь бэртээд 2012 оноос дахин барилдах болсон. Би үндсээр эхэлж барилдаад дараа нь чөлөөт рүү орсон юм. Хоёр бөхийн төрлөөр зэрэг барилдсан нь надад маш их зүйл өгсөн. Одоо ч би чөлөөтдөө дуртай. Ер нь багшийн хэлснийг яс хийгээд, өөрөө цааш нь ухаад ойлговол бүх зүйл амархан юм шиг санагдана. Би ямар ч төрлийн бөх үзэх дуртай. Тэр дундаас мэх олж авдаг юм. Жишээ нь хутгааг олон хувилбараар хийж болно. Тэр болгоныг эзэмшиж авахыг хичээдэг дээ.

-Жин хэдтэй билээ?

-125 кг. Одоо жаахан хасах санаатай.

-Хүнд гэмтэл авсан үед сэтгэл санаа ямархуу байсан бол?

-Тэр үед гутарч байсан. Монголд эмчилгээгүй гээд. Тэгээд Солонгост эмчилгээ хийлгээд гүйдэг болоод ирсэн. Ирэнгүүтээ хөнгөн бэлтгэл хийж эхэлсэн. Штанг өргөнө, гүйнэ. Гүйж хөлсөө гаргахгүй л бол сонин байгаа юм. Тийм үед хүн их ганцаарддаг юм билээ. Өөрийгөө аль болох тайван байлгахгүй бол хэцүү.

-Оюутан цагийн амьдрал сайхан. Хотод оюутан болж ирсэн үеийнхээ жаргал, зовлонг хуваалцаач?

-Би тавдугаар ангиасаа гэрээсээ гарчихсан болохоор бие даагаад сурчихсан. Гэрээ санаад байх нь гайгүй. Хаана ч очсон зохицоод амьдарчихна. Тийм болохоор надад хотод амьдрахад хүндрэл учирдаггүй байлаа. “Аварга” сургуулийн байранд наймуулаа нэг жил амьдарсан. Тэр үед сайхан байж.

-Гэр бүлээ зохиож амжсан уу?

-Найз охинтойгоо хамт амьдардаг. Тэр минь Завхан аймгийн Сонгино сумын харьяат. Бид хоёр дөрвөн жил үерхэж байна. Хүүхэдтэй болж байгаа.

-Залуу гэр бүлийн хувьд байрны асуудал хэцүү байдаг. Улсын харцага цол авлаа гээд нутаг орныхон дэмжиж туслав уу? Өөрийн гэсэн байртай болж амжсан уу?

-Одоохондоо өөрийн орон сууц үгүй. Байр хөлслөөд амьдарч байна. Манай Өмнөдэлгэр сумынхан “Land Prado 120” маркийн машинаар бэлэг барьсан. Хэнтий аймаг хараахан хүлээж аваагүй л байна. Цаашид сайн барилдвал болох байлгүй дээ.

-Өмнөдэлгэр сум гэхээр Б.Бат-Эрдэнэ аваргын тухай ярих нь гарцаагүй. Аваргатай хамаатан садны холбоо бий юу? Аварга ямар заавар зөвлөгөө өгдөг вэ?

-Хамаатан биш. Аварга багш маань надад их зөвлөгөө өгч, мэдлэг хайрладаг. Ийм мундаг хүнээс зөвлөгөө сонсох боломж хүн бүрт олдохгүй. Харин би зөвлөгөөг нь сонсож байна гэдэг том хувь тохиол. Ер нь миний эргэн тойронд дандаа сайхан хүмүүс байж, зааж зөвлөдөг болохоор миний сэтгэл санаа сайхан байдаг. Сэтгэл санаа ариун болохоор бүх юм нь дардан байдаг юм болов уу гэж боддог.

-Шинэ цолтонгоо хэрхэн барилдахыг харах гэж бөхийн хорхойтнууд тэсэн ядан хүлээж байгаа. Заал танхимын барилдаануудад алгасалгүй зодоглоно биз дээ?

-Би аймгийн арслан байхдаа байнга барилддаг байсан. Оюунболд гэдэг хүү бөхөд дуртай болохоор байнга барилдахыг хүснэ. Хааяа ар гэрийн шалтгаанаар өнжих тохиолдол гаралгүй яахав. Гэхдээ боломж олдвол тогтмол барилдана. Гэхдээ цолондоо дасч өгөхгүй байж магадгүй ээ. Цол авснаасаа хойш Хэнтий аймгийн 90 жилийн ойд л барилдлаа.

-Сайхан ярилцсанд баярлалаа. Цолоо баталж, ахиулаад манай сонины уншигчидтай дахин уулзахын ерөөл дэвшүүье.

-За баярлалаа. Танай сонины хамт олонд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Энэ завшааныг тохиолдуулаад Б.Адъяахүү, Б.Бат-Эрдэнэ багш, аав, ээж, ах дүү, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтэс, “Хангарьд” спорт хорооныхон, нутгийн зон олондоо маш их баярлаж явдаг шүү гэж хэлье.

Г.БАЯРСАЙХАН