Д.Шинэцог-Гени: Мэдээж би номер нэг

2013 оны 06 сарын 22

Түүний талаар олон үг нурших хэрэггүй байх. Хэдхэн хоногийн өмнө хөөмий, морин хуурын гайхамшгаар олон улсын тавцанд шуугиулж, ангайлгаж, Ф.Шубертийн нэрэмжит хөгжмийн наадамд хамтлаг болон гоцлолын төрөлд тэргүүн байр эзэлсэн “Домог” хамтлаг, Д.Шинэцогийн талаар дуулсан нь лавтай. Түүнтэй ярилцлаа.

-Рок попынхон, тэр дундаа хип хопчид л тайзны нэр авдгийг мэдэхээс язгуур урлагийнхан ингэж байсныг дуулаагүй. Яагаад Гени гэх болов?

-Миний жинхэнэ нэр шүү дээ. Яривал их урт түүх болно. Би Сүхбаатар аймгийн Баруун-Уртад долдугаар сарын 12-нд төрсөн. Наадмын өдөр эмнэлэгт ганцхан сувилагч үлдчихсэн, ядаж байхад би ээжийнхээ хэвлийд буруу байрласан учир сандаргажээ. Ээж, бид хоёрын аль нэг нь амиа алдах эрсдэлтэй байсан ч азаар эсэн мэнд хоёр яс салсан гэдэг. Удам залгах бага хүү, бас амьд үлдсэн болохоор аав бэлгэшээж Гени гэдэг нэр өгсөн. Бага байхад хүүхдүүд миний бүтэн нэрийг мэддэггүй байлаа. Найзууд Шинээ гэж дууддаг бол гэр бүл, хамаатнууд Гени, Н.Жанцанноров, Д.Сосорбарам нар шиг хүндтэй хүмүүс Цог хүү л гэдэг.

-Ээж тань хуучир хөгжимчин гэсэн байх аа. Таныг урлагт хөтөлсөн гол хүн үү?

-Манай гэрийнхэн бүгд урлагийнхан. Ээж маань БЦДБЭЧ-д ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Г.Ичинноров гэж хүн бий. Одоо хуваариа багшилж байгаа. Аав кино найруулагч, жүжигчин Л.Доржням. Эгч маань ХБК т өгссөн бүжигчин, уртын дуучин. Манайхан намайг дөрвөн настайгаас гэртээ бяцхан концерт тоглодог болсон. Ээж даралтад хөгжим тоглож, эгч дуулж бүжиглэнэ. Аав хөтлөгч болж “За одоо бүжигчин Шинэцог гарна гэж зарлаад “Одоо миний хүү энэ хувцсаа өмсөөд ингэж дуул” гэх жишээтэй. Би тэр дунд алиа салбадайн үүрэг гүйцэтгээд л дагалдан баясна.

-Үзэгчидтэй байсан уу?

-Үгүй ээ, дөрвүүлэхнээ хааяа нэг тэгж хөгжилддөг байсан. Гэрт зочин ирвэл бас үзүүлэх юмтай. Намайг найман нас хүртэл концертоо тоглосоор байсан. Тэр үеэс л урлагт дуртай болсон.

-Таны ээж олон хөгжмөөр тоглодог юм байна.Яагаад морин хуурч болохоор шийдсэн юм бэ?

-Сайхан зассан, цэлийсэн том тайзны дунд би ганцаараа зогсоод ямар нэгэн хөгжмийн зэмсгээр маш гоё аялгуу тоглоход үзэгчид нижгэнэтэл алга ташлаа гэж долоон настайдаа зүүдэлж байлаа. Нэг удаа ээжийгээ ажилдаа явахад нь “Ирэхдээ надад даага авчраарай” гэж захисан. Адуу, малгүй хотын айлд ямар юмных нь даага байх вэ дээ. Ээж их гайхсан ч хүсэлтийг минь биелүүлэхээ амлаад гарсан. Орой нь “Хүүдээ даага аваад ирсэн шүү. Орон дээр байгаа” гэсэн. Гүйгээд очтол даавуун ууттай урт хөгжим байв. Тэмтрэхэд хялгас нь гарт мэдрэгдээд татаж үзлээ. Тэгсэн их гоё дуугарч байх юм. Уутнаас нь гаргаад иртэл миний хүссэн морин толгойтой хөгжим байсан. Тэгээд шууд л дурлаад, морин хуурч болно гээд л үзэж тарсан.

-Зүүд, зөн, заяа төөрөгт итгэдэг үү?

-Итгэдэг. Одоо бодоход хөгжимчин болохоо зөгнөж зүүдэлсэн байх. Хүн заримдаа ямар нэг үйлдлээ урьд нь хийж байсан юм шиг санагддаг шүү дээ. Тэгэхээр зүүдэндээ ирээдүйгээ хардаг хэрэг. Би морин хуурч болох гэж л төрсөн. Үүнээс өөр ажил хийнэ гэж бодож үзээгүй, төсөөлдөг ч үгүй.

-Суу билэгт олон хөгжмийн зохиолч, хөгжимчин Австриас төрсөн. Тэр улсын худалдагч, таксины жолооч нь хүртэл урлагийн өндөр боловсролтой гэдэг. Тийм орны урлаг судлаач, ипрофессоруудыг ардынхаа язгуур урлагаар бишрүүлж, тэргүүн байрын хоёр ч шагнал авна гэдэг том амжилт. Энэ бүхэн “Домог” хамтлагийн чадвар чансаа юу, эсвэл морин хуурын гайхамшиг уу?

-Мэдээж морин хуурын ид шид. Тэр шүүгч, үзэгчид Монгол гэж мэдэхээс “Домог” гэж мэдэхгүй шүү дээ. Монгол урлагийн гайхамшгаар энэ шагналыг авсан.

-Наймдугаар сард Болгарт болох Үндэсний хөгжмийн дэлхийн аварга шалгаруулах уралдаанд оролцоно гэсэн. Улс, үндэстэн бүр өөрийн гэсэн урлаг соёлын онцлогтой. Гэтэл энэ дундаас шилдгийг нь тодруулах өрөөсгөл биш үү?

-Тийм ээ, бүгд өөрийн гэсэн урлагийн мэдрэмж, дуу хөгжмийн ялгаатай. Тэд үндэснийхээ урлагийн сайхныг бусдад мэдрүүлэх нь чухал. Нөгөө талаас тэдгээр бүтээлийг үзэгч олонд хүргэх үүрэгтэй урлагийнхны ур чадварыг шалгах гээд байна. Тэр улсын урлаг хамгийн сайн, энэ нь арай муу гэж харуулах гэсэн хэрэг биш.

-Наадмаар тоглоно, уралдаанд орно, Бээжингийн “Сувдан” театрт концерт тавина гээд их завгүй байх нь. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Морь унадаг уу?

-Монгол хүн байна даа, морь уналгүй яах вэ. Хөдөө явахыг хүсдэг ч тэр бүр болохгүй юм. Морины дэргэд хуурдахаар хүйн холбоотой юм шиг чих нь соотойгоод, дороо цавчлаад байж яддаг. Ховорхон тохиох чөлөөт цагаа аль болох гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхийг хүсдэг.

-Таны охин хэдтэй вэ. Аавыгаа дуурайсан урлагийн авьяастай юу?

-Авьяас бага сага илрээд байгаа шүү. Одоо дөрвөн настай. Төгөлдөр хуур сонирхоод байх шиг. Зургаан нас хүрэхээр нь Хөгжим бүжгийн коллежид оруулахаар бэлдээд л байна.

-Танд хэдэн морин хуур байдаг вэ?

-Уг нь 11 хууртай байсан. Гээж, үрэгдүүлсээр одоо найм байгаа. “Аравт” киноны клип хийхэд хуурддаг морины гавлан цартай хуур, 1980 оны “Өвгөн хуур”, хун толгойтой, ширэн цартай хуур зэрэг содон хөгжим байгаа.

-Морины гавлан цартай хуур их өвөрмөц юм билээ. Тэр хуур тийм сайхан аялгуу гаргасан уу, эсвэл клипэндээ ашигласан юм уу?

-Морин хуурын үүслийн домогт мориныхоо толгойг нандигнаж цар хийдэг гэдэг дээ. Тэр домгоос санаа авч хийлгэсэн юм. Бидний тоглодог мастер хуурнаас сул дуутай учир зөвхөн клипэнд ашигласан. Гэхдээ ясыг нь цоолж, сайжруулаад цахилгаан гитар шиг болговол чанга дуугарах боломжтой.

-Таны морин хуурнуудыг амьтай гэж үзвэл ямар зан ааштай бол?

-Морин хуур яг хүн шиг. Морь ухаантай амьтан болохоор ч тэр үү, хөгжим нь хүртэл сүнслэг. Миний нэг хуур надтай хүйн холбоотой юм шиг байдаг. Өвдсөн үедээ түүгээр хуурдахад хэчнээн хичээгээд ч сайхан аялгуу гаргаж чаддаггүй юм. Харин сэтгэл санаа тайван, өөдрөг байвал дуурайна. Тухайлбал, саяын тэмцээнд оролцохдоо нумаа чавхдасдаа хүргэв үү, үгүй юү цээлхэн дуугарсан. Тэгэхээр нь би инээж байгаад л тоглосон.

-Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Чимиддорж агсны “Майга” шүлэгт “Морин хуур дарж майга болсон Монгол” гэдэг дээ. Морин хуур тоглохоор майга болдог болов уу?

-Одоогоор майга болоогүй л байна. Ирээдүйд яахыг хэлж мэдэхгүй. (Инээв)

-Гаднын үндэсний хөгжимчидтэй хамт аялан тоглож, тэмцээн уралдаанд олон оролцлоо. Тэд манай язгуур урлагийн тухай юу гэж ярьдаг вэ?

-Үнэхээр биширдэг шүү. Манайд морин хуур их хөгжсөн учраас ямар ч сонгодог ая тоглох боломжтой. “Hata world music group” хэмээх 20 гаруй орны үндэсний хөгжимчдийн нэгдэл байдаг. Тэд таван жилийн өмнөөс л хамтарч тоглолт хийдэг болсон юм билээ. Өнгөрсөн жил БНСУ-д болсон тоглолтод анх удаа Монголоос “Домог” хамтлаг оролцсон. Бид тэдний тоглодог бүх аяыг түвэггүй хуурдсан. “Хоёрхон чавхдас яаж ингэж дуугардаг байна аа” гэж их гайхаж байсан.

-Морин хуураар сонгодог ая тоглох хэр нийцтэй вэ?

-Морины татлага, уртын дуу тоглоход морин хуур хамгийн сайхан тохирдог шиг ямар нэг хөгжмийн зэмсэг үндэснийхээ аялгуу, зориулагдсан аятайгаа илүү зохицно шүү дээ. Тухайлбал, “Жонон хар”-ыг хийл, төгөлдөр хуураар тогловол ямар сонсогдох нь ойлгомжтой. Тоглож болно л доо. Гэхдээ сонсогчдод утга санааг нь бүрэн дүүрэн ойлгуулахад учир дутагдалтай. Морин хуурын хөгжлийг илүү дээшлүүлэхийг хүсдэг учраас манай хамтлаг сонгодог ая тоглодог. Учир нь сонгодог хөгжмийн арга барил, ур чадварыг морин хуураар тогловол хөгжмийн зохиолчид маань цоо шинэ өнгө аясаар бүтээл туурвина.

-Манай хөгжмийн зохиолчдын бүтээл таны сэтгэлд хүрдэг үү?

-Морин хуураар тоглоход тохирсон бүтээл их хийж, хөгжиж байна. Гэхдээ зарим хөгжимд тохирсон бүтээл ховор төрөх юм.

-Төгөлдөр хуур, хийл, морин хийлийн гурвал төгс зохицдог гэлцдэг. Тэгвэл ямар хөгжим морин хууртай хамгийн сайхан хорших вэ?

-Үндэсний хөгжмөөс ятга, бусдаас нь төгөлдөр хууртай илүү сайхан хоршдог. Гэхдээ морин хуур ямар ч хөгжимтэй зохицно. Надад нэг мөрөөдөл бий. Олон төрлийн хөгжимтэй морин хуурын хоршил тоглож цомог гаргамаар байна. Хятадын пипа, саксафон, гитарыг морин хууртай хоршуулбал их өвөрмөц сонсогдоно.

-Германы хийлч Дэвид Гаррет өдөр бүр олон цагаар бэлтгэл хийхгүй л бол чадвар нь мууддаг гэсэн. Та өдөрт хэр их бэлтгэл хийдэг вэ?

-“Нэг өдөр давтахгүй бол өөрт мэдрэгдэнэ. Хоёр өдөр давтахгүй бол хажуу дахь хүнд мэдрэгдэнэ. Гурван өдөр давтахгүй бол үзэгч олонд мэдэгдэнэ” гэж алдартай хөгжимчид ярьдаг. Энэ оргүй үг биш. Ямар ч юмыг арчиж тордохгүй л бол гундаж, мууддаг. Төмөр хүртэл зэвэрдэг ш үү дээ. “Бэлтгэл хийхэд 24 цаг надад багадаад байна” хэмээн дэлхийн номер нэг хийлч Ицхак Перлман хэлсэн байна. Би өдөрт дээд тал нь 18 цаг бэлтгэл хийж байсан. Уран бүтээлчид өдөрт таван цаг давтлага хийх энгийн л зүйл.

-Хөөх, нэг хоногт дөрөвхөн цаг л амарсан байна шүү дээ. Тийм удаан давтаад залхаагүй юм уу?

-Дэндүү дуртай учраас залхдаггүй. Гэхдээ заримдаа амрах хэрэгтэй. Хоёр, гурван хоног амралтаар явахаар хөгжмөө санаад, бариад суумаар санагддаг. Одоо бол хаана ч очсон авч явдаг. Ямар нэгэн юманд дурлаж, зүрх сэтгэлээсээ хийвэл амжилтад хүрдэг гэдгийг залууст захимаар байна.

-Манай сонины саяхны дугаарт хөгжимчид ардын урлаг, өв соёлоо урд хөрш рүү зөөж байгаа тухай нийтлэл гарсан. Үндэснийхээ хөгжмийн бүх нарийн арга техникийг гаднынханд зааж өгөх зөв үү?

-ЮНЕСКО-д зөвхөн Монголынх гээд бүртгүүлэх нь чухал. Түүхэндээ Монголынх гээд үлдэхээс л хойш хятад, хар, шар хэн ч сурсан хамаагүй. Харин ч сураасай гэж боддог. Надад өөр орны олон шавь бий. Морин хуурыг хийл, төг өлдөр хуур шиг олон улсын хөгжим болгох хэрэгтэй. Япончууд “Хэн сайн морин хуурдах вэ” гэдэг тэмцээн Токиод зохиож байсан нь сайхан санагдсан. Монголчууд зөвхөн хоорондоо өрсөлдөөд байвал хөгжихгүй. Би гадаадын шилдэг морин хуурчтай өрсөлдөж үзмээр байна шүү дээ.

-Монголдоо өрсөлдөгчгүй, номер нэг учраас, олон улсад хүчээ сорихыг хүсээд байна гэж ойлгож болох уу?

-(Инээв). Мэдээж би одоогоор нэдүгээрт явж байгаа гэж боддог. Хүмүүс ч тэгж хэлдэг. Гэхдээ морин хуурыг дэлхийн тавцанд гаргах юмсан гэж хүсдэг гэдгээ л хэлэх гэсэн юм.

-Уран нугаралт зэрэг ЮНЕСКО-д бүртгүүлээгүй соёлын өв олон байгаа шүү дээ.

-Үнэн үргэлж худлыг дийлдэг. Монголд үүссэн нь үнэн бол манайх л байх ёстой. Хөөмийг хятадууд авах гээд чадаагүй жишээ байна. ЮНЕСКО-гийн бие төлөөлөгчид хөөмийн өлгий нутаг Ховдын Чандмань суманд очоод ангайсан. Жаргаж буй нарны туяа Жаргалант Хайрхан уулын бэлээр тусахад хархирч байх шиг их өвөрмөц дуу авиа гардаг. Горхины урсгал нь хөөмий шиг боргилдог. Нүдээр хараагүй хүн итгэхгүй л дээ. Тэнд очсон нэг хүн “Хөөмийн нутагт ирлээ. Сайхан хөөмийлдэг хүнтэй уулзуулаач” гэхэд хамт явсан нутгийн залуу “Чи юу ярьж байна аа” гэж шоолоод хажуугаар явсан жаалыг дуудаад хөөмийл гэхэд чадаж байсан гэсэн. Тэгэхээр маргах аргагүй Монголынх байгаа биз дээ.

-Найз ч бас өрсөлдөгч гэдэг. “Домог”-ийхны хооронд өрсөлдөөн байдаг уу?

-Нэг, хоёр, гуравдугаар хуурч гээд бүгд ногдсон үүрэгтэй, түүнд нь тохируулж бичсэн зохиолыг тоглодог. Өөрөөр хэлбэл, миний тоглож байгаа аяыг бусад маань тоглохг үй. Ижил зорилгын төлөө нэгдэж яваа учраас тийм зүйл байхгүй.

 

Б.ДӨЛГӨӨН