БҮХ ЦЭЦЭРЛЭГИЙГ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БОЛГОНО

2014 оны 01 сарын 24

БШУЯ, нийслэлийн Боловсролын газар, Японы Хүүхдийг ивээх сан хамтран “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийг амжилттай хэрэгжүүлснээ өчигдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэгийн жишээн дээр танилцууллаа. Уг төслийг нийслэлийн төвийн болон захын 38 цэцэрлэгт гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих таатай орчин бий болгож, эцэг, эхчүүдийг хүүхдийнх нь хөгжилд оролцуулахыг зорьжээ. Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг хэрхэн хүмүүжүүлж, боловсрол, мэдлэг олгодог туршлагаасаа хуваалцсан юм.

Тус цэцэрлэгийн ахлах А бүлгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд самбарт “Миний охин гар, шүдээ тогтмол угаадаг болсон. Хүү маань “Ишиг” шүлэг сурснаа уншиж өгөв” гэхчилэн хүүхдийнхээ юу сурч мэдсэн, ямар зүйл хийдэг болсныг бичсэн байв. БШУЯ-наас “Хүүхэд бүрт ээлтэй цэцэрлэгийг хөгжүүлэхэд баримтлах чиглэл” бодлогын баримт бичиг баталжээ. Орон даяар төрийн болон хувийн хэвшлийн бүх цэцэрлэг уг төслийн загвараар үйл ажиллагаа эрхэлнэ. Түүнчлэн төсөлд хамрагдсан 38 цэцэрлэгт номын сан байгуулж өгснөөр хүүхэд аав, ээжтэйгээ хамт гэртээ ном уншиж, үүнийгээ “Эцэг эхтэй харилцах” дэвтэрт тэмдэглэдэг болсон байна.

Мөн зургаан цэцэрлэгийн 18 бүлгийн ариун цэврийн өрөөг 133 орчим сая төгрөг өөр, ахуйн бүх хэрэгслийг хүүхдийн насны онцлогт нийцүүлэн засчээ.


 Т.САЙНБУЯН